Тоо хэзээ ч худлаа хэлдэггүй!
Монголын улс төр харьцангуй ажин, түжин унтаа байдалд шилжсэн ч улсын төсөв хэлэлцэж эхлэхээр гал дуудах нь ойлгомжтой. Орон нутаг, нийслэлийн сонгууль ч үүнд тос нэмэх нь мэдээж. Гэхдээ сонгууль болдгоороо болно. Гол нь үр дүн хэрхэн гарахаас үл хамаарч амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Гагцхүү Монголын хөгжлийн индикатор болох учиртай улсын төсөв албан ёсоор парламентын босго давахаас урьтаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэн мэдээллийг өөрийн цахим хуудсаар олон нийтэд өгсөн нь анхаарал татав. Агуулга талаасаа бүхэлдээ Монгол Улс эдийн засгийн үзүүлэлтэд хамаарах түүний мэдээллээс хамгийн онцлох нь 132.3 их наяд хэмээх тоо. Тэрбум биш их наяд шүү! Үндсэндээ Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн өсөлт, эерэг үзүүлэлтээ хадгалж чадвал 2028 онд ДНБ-ий хэмжээг 132.3 их наядад хүргэх бүрэн боломжтойг Ерөнхий сайд мэдэгдсэн нь энэ.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсныхоо дараа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулж, УИХ-аар батлуулж байв. Үр дүнд нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд эдийн засгийн үзүүлэлтээ тогтвортой хадгалсаар 5-6 хувийн өсөлт үзүүлсэн. Улмаар ДНБ-ий хэмжээ 2021 он 43.6 их наяд байсан бол хоёр жилийн хугацаанд 70.4 их наяд төгрөгт хүрсэн юм. 2024 оны хүлээлт 79.2 их наяд байхаар төсөөлж байгааг эдийн засагчид хэлж буй. Ойролцоогоор ес орчим их наядаар хэмжигдэнэ гэсэн үг. Гэхдээ энэ асуудлын гол биш. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн Монгол Улсын ДНБ-ий хэмжээг 2028 он гэхэд 132.3 их наяд төгрөгт хүргэх боломжтой юу? гэдэг нь маргаангүй сонирхолтой сэдэв.
Уг нь Монгол Улс нэгдсэн төсөвтэй. Гэвч 1992-2024 он хүртэлх парламентын 32 жилийн түүхэнд нэгдсэн бус нэжгээд бүр 76 төсөвтэй явж ирсэн нь гашуун үнэн. Бидний бодит төрх. Тусгаар улс байгаад хөгжил ирэх нь үнэн л юм бол улсын төсвийн жин дарах хэсэг нь бялууны зүсэм хуваах байдлаар УИХ-ын гишүүдийн тойргоо тойглож, услахад чиглэх бус томоохон мега төсөл рүү хөрөнгө оруулалт байдлаар шингээж, шингэх байв. Тэгэх ч ёстой бас учиртай. Гэвч төсөв хэлэлцэх үеэр нэг биш 76 Сангийн сайдтай болдог буруу гажиг хууль тогтоох дээд байгууллагад ужгирч ирсний горыг өнгөрсөн хугацаанд бид хангалттай амссан уу? гэвэл тийм! Том төсөл яагаад хөдөлж, урагшилдаггүй таг гацаж, тэг зогсож ирсэн шалтгаан ч ийм.
Ялгаатай нь энэ удаагийн парламент, ирэх оны төсвийн зураглалд тийм агуулга үгүй. Анх удаагаа томсгосон тойрогт буюу бүсчилсэн хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь 2025 оны төсвийн гол давуу тал нь. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн хөрөнгө оруулалт бүхэлдээ орон нутагт тэгшитгэн хуваах биш эдийн засгийг дэмжих дэд бүтэц, эрчим хүчний төсөлд томоор нь зарцуулах реформ хийх эхлэлийг тавихаараа онцлог. Нэг хэсгийн бус нийтийн, нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэж, шийдвэрлэнэ гэсэн үг. Он, оны төсөвтэй уялдуулж, жилийнхээ ажлын төлөвлөгөөг хийж ирсэн аж ахуйн нэгж, иргэдэд ч энэ давуу тал болно.
Саяхан даа, хэдхэн хоногийн өмнө. Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний “Фитч” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний “B” төлөвийг “B+” болгон ахиулснаа зарлав. Ердөө долоохон сарын өмнө эл агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой хэвээр үлдээснээ зарлаж байсан юм. Харин энэ удаад “B+” болгон ахиулсан нь олон улсад төдийгүй хөрөнгө оруулагчдад сайн мэдээ. Үндэслэл нь маш тодорхой. Ерөөсөө л Монгол Улсын ДНБ-ий бодит өсөлтийг 2024-2026 онд дунджаар зургаа орчим хувиар өснө гэж таамаглажээ. Нүүрс, зэсийн олборлолт тогтвортой үргэлжилж, түүнээс олж буй валютын орлогын хэмжээнээс үүдэж манай улсын өрийн дарамт буурсан нь ч үүнд нөлөөлжээ.
Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ амралтын өдрөөр цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд өгсөн мэдээлэл дундах ДНБ-ийг 132.3 их наядад хүргэх боломжтой гэсэн нь тийм ч оргүй тоо биш юм. Тойрог шүтэж төсвөө таллаж, хувааж ирсэн 32 жилийн уламжлалыг халж, хааж чадвал ойрын хугацаанд ч хүрэх боломжтойг өнгөрсөн гурван жилийн өсөлт хангалттай харуулсныг энд тодотгох нь зүйн хэрэг. Тоо хэзээ ч худлаа ярьдаггүй болохоор тэр шүү дээ!
Г.Эрхэс