ЭРГЭЛТИЙН ЦЭГ: Нэгдэж, нягтарсан нэг жил
Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар. Монгол Улсын Ерөнхий сайд, Улаанбаатар хотын мэйр. Аль, аль нь “давхар дээл”-тэй буюу МАН-ын бас нийслэлийн намын хорооны дарга. Хоёулаа 2016 онд анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, Засгийн кабинетад ч дөрөө харшуулан ажилласан улс төрийн намтар тэднийх. Гээд тоочвол улс төрд үлдээсэн, үлдээж буй, үлдээхээр хичээж буй ижил тал тэдэнд олон. Зовлон, зорилго нь ч нэг. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр анхны 126 гишүүнтэй парламентыг сонгуулийн холимог тогтолцоогоор сонгож, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар улирсан бол Х.Нямбаатар хотын даргын тамга атгаснаасаа хойш яг нэг жилийнхээ ой дээр нийслэлчүүдэд дүнгээ тавиулах гэж байна.
Уг нь М.Энхболдыг УИХ-ын даргаас нь буулгах тэмцлийн тэргүүн фронтод явахдаа ч, “Хотын фракц” хэмээх МАН, АН гэлтгүй улс төр, бизнес дамнасан бүлэглэлийн гол менежер Т.Бадамжунайг Филиппинээс албадан авчирснаараа ч Л.Оюун-Эрдэнийн танхимын тулах багана, түших цэг нь Х.Нямбаатар байх байлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар шүү дээ! Чухамдаа авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлэхээр Засгийн газраас хэрэгжүүлсэн “5Ш ажиллагаа”-ны гол автор явсан Х.Нямбаатарыг гэнэтхэн УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын албанаас нь буулгаж Улаанбаатар хотын 36 дахь даргаар томилсны ард зарим шалтгаан бий.
Эхнийх нь Улаанбаатар хотын 30 гаруй жил шийдвэрлэж чадаагүй хуримтлагдсан асуудлын гүн рүү орох, нийслэлийн цогц реформыг эхлүүлэх. Удаахь нь дунд шатны авлигыг таслан зогсоох буюу Монгол Улсын иргэдийн 50 гаруй хувь нь амьдардаг нийслэл Улаанбаатар хот бугширсан системийг задлах. Гутгаар нь газрын наймаа, хууль бусаар олгосон техникийн зөвшөөрөл, сургууль, цэцэрлэгийн талбай, хороолол доторх хороолол, жуулчны отог нэртэй хаус хотхонууд, гэр хороолол болсон аялал жуулчлалын бүсийг цэгцлэх. Дөрөвдүгээрт, нийслэл хэмээх “их айл”-д зөвхөн дэмжлэг үзүүлэх бус Засгийн газар нь шууд оролцож ажиллах Л.Оюун-Эрдэнийн давхар нүүдэл нь Х.Нямбаатар байв.
Өөрөөр хэлбэл, тусдаа хуультай, тусдаа төсөвтэй, тусдаа удирдлагатай, тусдаа үүрэг, хариуцлага, үндсэнтэй зорилготой, ерөөс 30 жилийн турш тусдаа салангид байж ирсэн Засгийн газар, хот гэсэн хоёр бүтэц Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар гэсэн хоёр хүнээр илүү ойртож эхэлсэн юм. Гэдэг нь Засгийн газрын хуралдаанд асуудал оруулж батлуулах, дэмжлэг хүлээх гэхээсээ мэдээлэл сонсох, танилцуулга хийхээс өөрөөр гавьдаггүй Ерөнхий сайд, хотын дарга хоёрын харилцаа, хандлага зөөлөрсөн хэрэг. Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь мэйртэйгээ ойлголцохгүй, дэмжлэг үзүүлэхгүй байх тусам нийслэл рүү чиглэсэн хөрөнгө оруулалт хийхгүй. Улсын төсвөөс цөөн байршилд сургууль, цэцэрлэгийн барилга төлөвлөхөөс бусдаар ганц центийн хөрөнгө оруулалт ч хийгээгүй явсан үе Улаанбаатар бий. Нийслэл өөрөө өөрийнхөө асуудлыг Засгийн газрын дэмжлэггүйгээр шийдэх гэж оролдож, хана мөргөсөөр өнөөдрийг хүрсэн нь ч үүний нотолгоо.
Хот өөрөө амьдралын чанарын хувьд тийм ч таатай биш болсон үндсэн шалтгааны нэг нь энэ. Эрүүл мэндийн хувьд хүнд өвдсөн гэсэн үг. Гагцхүү үүнийг өөрчлөх гэж, өмнөх алдаагаа эс хүлээн зөвшөөрч, асуудлыг улам хүндрүүлэхгүйгээр зөв голдиролд нь оруулах гарц, гаргалгаа нь Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдаас нь хүртэл татгалзуулах байсныг энд тодотгох гээд байгаа юм. “Энэхүү системийн авлигын тогтолцоог илчлэх ажиллагаанд ил болон далд хэлбэрээр саад учруулахгүй байхыг улстөрчид, нийслэлийн албан тушаалтнуудад хатуу сануулъя” гэдгийг ч Ерөнхий сайд НИТХ-ын төлөөлөгчдийн өмнө Х.Нямбаатарт тамга гардуулахдаа онцолж байв.
Ингэхэд Х.Нямбаатар нийслэлийн Засаг даргаар ажилласан нэг жилийн хугацаанд яг юу болж өнгөрөв? Лав л ажлаа авсан даруйдаа “Ногоон автобус”-ны хэргээр анхлан гэрэл цохьсон нийтийн тээврийн салбар дахь мафийн сүлжээтэй тэмцсэн, парк шинэчлэлийг богино хугацаанд хийсэн. Залгуулаад зөвшөөрөлгүй, хууль бус газар олголттой холбоотой асуудлаар хүний, өөрийнгүй “цавчив”. Одоо ч тэр нь үргэлжилж буй. Олон жилийн турш маргаантай явж ирсэн Төв цэнгэлдэхийн асуудлыг ч нийтийн, нийгмийн анхаарлын төвд оруулж байгаад нийслэлийн мэдэлд 100 хувь шилжүүлж авсан нь саяхных. Алдаа, оноотой ч эхлүүлсэн ажлынхаа ард нь гарч байж санаа нь амардаг шазруун зан байдаг нь түүнээс авах чанар байж магад.
Томоохон бүтээн байгуулалтын шав тавих, тууз хайчлахаас бусдаар албан тасалгааны цонхоор амьдралыг сайхнаар харж ирсэн үе үеийн Засаг дарга нарын уламжлалыг тэр тас цохиж, эсрэгээрээ өөрөө явж танилцдаг, сануулдаг, хариуцлага ярьдаг болсон нь ч үүнтэй холбоотой байх. Улаанбаатар хот суудаг биш “Явдаг дарга”-тай боллоо гэсэн яриа ч тийм оргүй зүйл биш юм. Үнэндээ Хөгжлийн банк, “Эрдэнэт”-ийн 49 хувь, Оюу Толгойн Дубайн гэрээ бүхий луйврын схемтэй тэр яг л ингэж тэмцсэн, тэгээд ард нь гарсан. Харин өнөөдөр тэр хууль гэхээсээ дүрэм журам ярьдаг, стандарт мөрдүүлэх үндсэн үүрэг бүхий нийслэлийн Засаг даргын хувиар хэрэндээ л хичээж, бас чардайж явна. Гол нь нийслэлийн 30 жилийн төсөвтэй тэнцэхүйц 30 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг ирэх жилүүдэд оруулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн энэ цаг үед Х.Нямбаатар хотын даргаар улирах эсэхээ шийдүүлэх эсэх нь мэдээж сонирхолтой сэдэв.
30 их наяд төгрөг гэдэг бага мөнгө биш. Тэр тусмаа гурван жилийн хугацаанд ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг нийслэлд шингээнэ гэдэг эдийн засаг талаасаа маш том үзүүлэлт. Ойролцоогоор жилд 10 их наяд буюу бараг улсын төсөвтэй тэнцэхүйц мөнгийг нийслэлийн бүтээн байгуулалтад зарцуулахаар тусгасан нь маргаангүй том тоо. 1992-2021 он буюу сүүлийн 30 жилд нийслэлд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс даруй гурав дахин их тоо. Тэгэхээр газар олголт тэргүүтэй захирамж гаргахаас цааш хэтэрдэггүй хотын даргын төсвийн захиран зарцуулалт нь Сангийн сайдаасаа ч давах хэмжээний хөрөнгө оруулалтыг зангидах нь хүн хэн байх вэ? гэдэг анхаарал татах асуудал.
Эцсийн дүндээ нийслэлчүүд эрүүл, аюулгүй орчинд амьдарч, хот нь өөрөө дүрэмтэй, журамтай, эмх цэгцтэй, стандарттай болж гэмээн энэ хэмжээний хөрөнгө оруулалтад хүч хаях нь зүйн хэрэг. Харин түүнийг Х.Нямбаатар гардаж гүйцэтгэх эсэхийг иргэдээс тавих дүн шийдэх нь. Ямар ч байсан Засгийн газрын түвшинд хөрөнгө, хүч хаяж эхэлсэн “20 минутын хот” бодлогын жишиг болохуйц “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болсныг хэд хоногийн өмнөхөн Ерөнхий сайд, хотын даргын хамт зарлалаа. Эл төвийн бүтээн байгуулалт дуусч, хот болсноор дотоодын нийт бүтээгдэхүүн 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 25,295 ажлын байр бий бож, агаарын бохирдол 22 хувь, авто замын түгжрэл 36.3 хувиар буурах тооцоолол гараад буй. Асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй нь үнэн ч бодит үр дүн нь нийтийн эрх ашиг, нийслэлийн иргэдэд хүрч, амьдралын чанар дээшлэх учиртай.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн байна лээ, “Би бүх зүйлээр Х.Нямбаатар даргын ард зогсох болно” гэж. Тэгэх ч байх. Гагцхүү Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Х.Нямбаатар хотын даргын хувиар хоршиж, хамтарсан яг нэг жилийн ойтой нийслэл, орон нутгийн сонгууль давхацсан нь улс төр талаасаа бас нэгэн түүхэн мөчлөг болох нь. Нэг жил гэдэг нэгэн бүрэн эрхийн дөрөвний нэгтэй тэнцэх богино хугацаа Х.Нямбаатар хэмээх нэр нийслэлчүүдийн ой тоонд бат суусан нь магад түүнд давуу тал, нэмэх оноо болж бууж мэднэ. Хот өөрчлөгдөж байна уу, өөрчлөгдөж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь өсч байна уу, тийм. Гэлээ гээд хагас жарны турш буглаж, бугширсан асуудлыг өргөс авсан юм шиг нэг л өдрийн дотор шийдчихгүй. Хугацаа хэрэгтэй, хөрөнгө оруулалт ч шаардлагатай. Юу үнэн энэ л үнэн!
Г.Эрхэс