Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Дилав хутагтад хамаарах 1039 хуудас баримтыг төрийн нууцаас гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын хөмрөгт хадгалагдаж байгаа Дилав хутагт Б.Жамсранжавт холбогдох нууцад хамаарах нийт есөн хадгаламжийн нэгж бүхий 1133 хуудас баримтаас Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан мэдээлэлд хамаарахаас бусад 1039 хуудас баримтыг төрийн нууцаас гаргаж ил болгохоор шийдвэрлэжээ.
Шинэ үеийн тагнуулын байгууллага 1922 онд Дотоодыг хамгаалах газар нэртэйгээр байгуулагдсан үеэсээ эхлэн улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангахын төлөө олон арван тагнуулын арга хэмжээ хэрэгжүүлж ирсний томоохонд тооцогдох нь Дилав хутагт Б.Жамсранжавыг гадаадад суурьшуулсан тагнуулын арга хэмжээ байсан гэдэг.
Дилав хутагт Б.Жамсранжав 1922 оноос тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, баруун хязгаарын ард олныг үймүүлэн салан тусгаарлах санаа агуулж, Ардын төрийн эсрэг хэрэг өдүүлсэн Жа лам хэмээх Дамбийжанцанг устгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй оролцсон юм.
1922 онд Засгийн газар, Бүх Цэргийн Зөвлөлөөс Дамбийжанцанг устгахаар гаргасан шийдвэрийн дагуу тагнуулын арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэхийн тулд гүн С.Ламжав, Дилав хутагт Б.Жамсранжав нараар Жа ламд “Таныг баруун хязгаарыг тохинуулах сайдаар томилох санал Засгийн газарт буй бололтой” гэсэн утгатай захидал бичүүлэн хүргүүлж, удалгүй Засгийн газраас томилогдсон халхавчаар Д.Балдандорж, Н.Дугаржав, Д.Нанзад тэргүүтэй хүмүүс Маажинсан уулнаа очиж, төлөвлөгөө ёсоор Дамбийжанцанг устгасан тухай бичсэн байдаг.
Тагнуулын байгууллагаас Б.Жамсранжавыг бурхан шашны томоохон зүтгэлтэн, нэр нөлөө бүхий хутагт лам учир Банчин Богдод итгэгдэх үндэслэлтэй хэмээн үзсэн ба мөн дээд ангийн ламын хувьд мал хөрөнгөө хураалгаж, Эрэгдэндагвын “38”-ын хэрэгт холбогдон баривчлагдаж, хоёр жил тэнсэн харгалзах ялтай суллагдсан, 1928 онд Дотоодыг хамгаалах газраас Банчин Богдод мөргөхөөр явах зөвшөөрөл хүссэн боловч хойшлогдсон зэрэг асуудалтай нь холбогдуулан түүнийг “Монголоос оргон ирэв” гэсэн халхавчаар Банчин Богд руу явуулах төлөвлөгөө зохион хэрэгжүүлж, 1931 оны хоёрдугаар сард Дилав хутагтыг хил давуулсны дараагаар Монгол, Өвөр Монголын нутагт болон Монголоос дүрвэн гарсан иргэдийн дунд түүнийг “Эрэгдэндагвын 38-ын хэрэгт шийтгэгдээд эх орноосоо оргон гарлаа” хэмээн зарласан нь эхэн үедээ хүмүүст үнэмшлийг төрүүлсэн халхавч болсон хэдий боловч хожим цаг үеийн ээдрээт нөхцөл байдлын улмаас энэ халхавч нь жинхэнэ “оргодол” болгон хувиргажээ.
1932 оны зургадугаар сард Бээжин хотноо сойвон Гэндэнтэй очиж, Банчин Богдтой уулзан мөргөж, түүний хамт Нанжин хотноо болох хуралд очиж, Халхын тухай асуудал хэлэлцэх төлөөлөгчөөр сонгогдон, тэдний итгэлийг олж, үүргээ биелүүлэх ажилд орж эхэлсэн байна.
1934 онд Япончууд Шилийн голд орж ирэхэд Дилав хутагт Өвөр Монголын тэргүүн ноён Дэмчигдонров ванг түшиглэн, Монголын Засгийн явдлын зөвлөлд орж, улс төрийн үйл ажиллагаанд оролцон Японы цэргийн эрхтнүүдтэй уулзаж, дотно харилцаж, Хятад, Өвөр Монголын аль нутагт дураар зорчих тамга бүхий эрхийн бичигтэй болжээ. Улмаар Гоминьданы Хятадын Нанжингийн Засгийн газрын хууль байгуулах хорооны тэргүүлэгч, Банчин Богдын яамны Монгол хэргийн эрхлэгчээр томилогдон ажиллажээ.
БНМАУ-ын Засгийн газраас 1946 оны зургадугаар сарын 21-нд НҮБ-д элсэх хүсэлтээ анх удаа гаргасан бөгөөд “БНМАУ нь Герман, Японы эсрэг дайнд идэвхтэй оролцож, нэгдсэн үндэстний үйл хэрэгт Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг Аюулгүй зөвлөл, Ерөнхий Ассамблей анхааран үзэж, НҮБ-д элсэх хүсэлтийг зөвшөөрнө гэдэгт итгэж байна” гэдгээ илэрхийлжээ. БНМАУ 1946 оноос эхлэн таван удаа НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болох өргөдөл гаргасан бөгөөд 15 жилийн дараа 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын 101 дэх бүрэн эрхт гишүүн болсон түүхтэй.
Эл түүхэн өдөр Дилав хутагт Б.Жамсранжавын туйлын хүсэл биелж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн төв байрны гадаа мандсан Монгол Улсын төрийн алтан соёмбот далбаанд хүндэтгэл үзүүлж зогссоныг түүний шадар лам сойвон Жамбалдорж дуртгалдаа өгүүлсэн байдаг.