Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
20.1 мянган метр квадрат талбайг нийтийн эзэмшилд бүртгэн авчээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва удирдан зохион байгуулав. Хуралдааны эхэнд өмнөх шуурхайгаас Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Урин цаг ирж, Улаанбаатар хотод тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил өрнөж байна. Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, талбай, автобусны буудал, хөшөө, дурсгал, сандал, хүүхдийн тоглоомын талбайн өнгө үзэмжийг сайжруулж, Туул, Сэлбэ, Дунд гол дагуух тохижилтын ажилд иргэд идэвхтэй оролцож, иргэдийн 188 бүлэг хамтран ажиллажээ. Голуудын ай сав орчимд иргэд олноороо амарч, зугаалдаг. Тиймээс голын эрэг дагуу олон нийтийн соёл, амралтын хүрээлэн байгуулах үүрэг даалгаврыг Хотын дарга өгсөн. Энэ дагуу Их тэнгэрийн ам, Туул гол дагуу хоёр байршилд амралтын бүс байгуулна. Инженерийн барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг мөрдүүлэх, шаардлагатай бол газар чөлөөлөх ажил өрнүүлэх үүргийн дагуу Геодези, усны барилга, байгууламжийн газраас шалгалт зохион байгуулахад 10 байршилд үерийн бүс болоод далан суваг, хамгаалах байгууламж дээр ажлын байр барьсан, үйлчилгээний объект, чингэлэг контейнер байршуулсан зөрчил илэрчээ. Эдгээрийг нүүлгэн шилжүүлэхээр албан шаардлага хүргүүлээд байна.
Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, газрын зөрчлийг арилгах үүднээс зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулгах ажил үргэлжилж буй. Нийслэлийн хэмжээнд энэ жил 188 байршилд 4860 гарааш буулгаж, 66 мянган метр квадрат талбайг тохижуулж, ногоон байгууламж бий болгохоор төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд 44 байршлын 1143 гараашийг буулгаж, 20.1 мянган метр квадрат талбайг нийтийн эзэмшилд бүртгэн авчээ. Чөлөөлсөн газарт тохижилтын ажил хийж байна.