Татвар, торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Б.Баасандорж: Ёс зүйтэй холбогдох гомдол, санал хүлээж авах ажилтан ажиллуулж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирж буй өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах талаар Засгийн газрын харьяа газар, агентлагийн дарга нартай уулзлаа.
Энэ үеэр МХЕГ-ын дарга Б.Баасандорж тус газар албан хаагчдын ёс зүй, үйл ажиллагаатай холбоотой гомдол санал хүлээж авах хариуцсан ажилтан шинээр гарган ажиллуулж байна гэдгийг онцолсон байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд нэрээр хувийн байгууллагуудын машин тэрэг, хөрөнгө мөнгийг дайчилдаг, татвар, нийгмийн даатгалын байцаагч, нийслэл, дүүргийн үйлдвэр, үйлчилгээний зөвшөөрөл олгодог ажилтнууд баар, ресторанд үнэгүй хоол иддэг, зөвшөөрлийн сунгалтыг үндэслэлгүй удаашруулдаг зэрэг гомдол нийт саналын 70 хувийг эзэлж байна. Иймд дээрх гомдлуудыг нарийн шалгаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Мөн нийтийн тээврийн чанар, хүртээмжтэй холбоотой гомдол нэлээд ирдэг байна.
-Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг Засгийн газар онцгой анхааралдаа авсан. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар төрийн байгууллагуудын вэбсайтад 11-11 төвөөр дамжин ирсэн иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэсэн байдлын талаар мэдээлэл сонсоно. 11-11 төвд ирүүлсэн иргэдийн санал, хүсэлтийг шийдвэрлэх явцад дүн шинжилгээ хийж, Засгийн газрын хуралдаанд тогтмол танилцуулж байх, Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, Нийслэлийн Засаг дарга нар тус төвд ажиллаж, иргэдтэй уулзан тэдний санал хүсэлтийг сонсож шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо.