Т.Сүхболд: Гадаадад эрэн сурвалжилж байсан 30 этгээдийг авчирсан
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2025.03.06-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Сүхболд дараах хариултыг өгчээ.
Тэрбээр "Цагдаагийн байгууллага нийт 11 оронтой цагдаагийн байгууллага өөрсдөө хамтран ажиллах гэрээтэй ажилладаг. Засгийн газрын түвшинд буюу Хууль зүй, дотоод хэргийн яамны түвшинд цагдаагийн байгууллага 5 оронтой хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж байгаа. Энэ нь Орос, Хятад, Турк, Солонгос, Вьетнам улсуудтай шууд хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллага хамтран ажиллах гэрээнийхээ хүрээнд 2024 онд гадаадад эрэн сурвалжилж байгаа 30 этгээдийг авчирсан. Энэ дундаа Европын Холбооны улсаас 17 этгээдийг яг өөрсдөө очиж энэ хамтын ажиллагааныхаа хүрээнд авчирсан. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс энэ хамтран ажиллах гэрээтэй орнууд руугаа цагдаагийн байгууллагад шууд очиж, Монгол Улсын Элчин сайдын яаман дээрээ мөрдөн шалгах ажиллагаа явуулах, гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдүүдийг тухайн гэрээнийхээ дагуу эрэн сурвалжлуулах, мөн гэмт хэргийн хохирогч болсон иргэдийн алдагдсан эд хөрөнгийг битүүмжлэх, дансанд нь царцаах зэрэг арга хэмжээнүүдийг авсан. 2024 онд Монгол Улсын иргэн хохирсон гэмт хэрэг дээр дансанд нь царцаах арга хэмжээ гэхэд 24 удаа авч ажилласан.
Энэхүү гэрээ нь цагдаагийн байгууллага олон улсын гэрээний хүрээнд анх удаагаа Чех Улсын цагдаагийн байгууллагатай яг холбогдох ажиллагаануудаа бүгдийг нь гэрээ хэлэлцээр дээрээ зааж өгсөн олон улсын гэрээ болж байгаад ач холбогдолтой. Дээрээс нь энэхүү гэрээгээр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагааг хүлээлгүйгээр цагдаагийн байгууллагын алба хаагч очиж энэ мөрдөн шалгах ажиллагааг явуулах, мөн Европын Холбооны 29 улсад цагдаагийн байгууллагаас мэдээ мэдээлэл, гэмт хэргийн талаар хохирсон иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зэргээр хамтран ажиллах ач холбогдолтой анхны гэрээ гэж цагдаагийн байгууллагаас үзэж байгаа" гэсэн юм.



