АТРЫН IV: Уул уурхайтай эн зэрэгцэх холын биш ойрын амбийц

Монгол Улс атар газар эзэмшиж, тариалан эрхлэлтийг бие даасан салбар болгон хөгжүүлж эхэлсэн түүх дөрвөн үе шатад хамаардаг. Эхнийх нь 1959 он. Энэ үед газар, тарилангийн салбарын суурийг тавьж, үндэсний боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн юм. Үүнээс 17 жилийн дараа “Атрын II” аяныг хэрэгжүүлснээр гурил, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, хэрэгцээнээс давсан ургацаа анх удаа экспортолж байв. Гэвч шилжилтийн нийгэм, чөлөөт зах зээлийн сүүдэр газар, тариалангийн салбар туссанаар гурил, хүнсний ногооны импортын хамаарал жин дарах болсон “Атрын III” аяныг хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь 2008 он. Автор нь Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр. Үр дүнд нь газар тариалангийн эргэлтийн талбайг 270 мянгаас 750 мянган га-д хүргэж, улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангадаг болж байлаа. 

Харин энэ удаад Хамтарсан Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолын хүрээнд “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг албан ёсоор эхлүүллээ. Өмнөхөөсөө ялгаатай нь, “Атрын IV” аяныг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж хэрэгжүүлнэ. Үндсэндээ үр тариа, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн 70-80 хувийг дангаараа хангадаг Төвийн бүсийг “Хөдөө, аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгон хөгжүүлнэ. Хөдөөгийн сэргэлт, нийслэлийн төвлөрлийг сааруулах бодлого ч үүнд хамаарна. Өөрөөр хэлбэл, хотоод хөдөөд шилжин ирж буй залуу гар бүлийг газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, орон суужцуулалтын бодлого энд давхар яваа юм.

Засгийн газрын төлөвлөснөөр дөрөвдэх удаагийн аяныг дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлснээр 200 мянган га-г шинээр тариалалтын эргэлтэд оруулж, нийт эргэлтийн талбайг 1.2 сая га-д хүргэж, улмаар экспортыг нэмэгдүүлэхэд чиглэхээр тусгажээ. Газар, тариаланд ашигладаг техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг шат дараатай хийж, технологид суурилсан ухаалаг усалгааны системийг нэвтрүүлэх нь эл аяны нэг зорилго. Тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмж нэмэгдэхийн хэрэээр таримал ургамлын нутагшсан болон ирээдүйтэй сортын үр үйлдвэрлэх, бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон нутагшсан сортын үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Ургах чадвар өндөр, ногоон масс ихтэй, ашигтай тэжээлийн таримлыг эргэн нутагшуулж, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, нийлүүлэлт, борлуулалт, логистикийн сүлжээг боловсронгуй болгох зэрэг томоохон үр дүн хүлээж байгаа юм.

Ийнхүү атар газар эзэмшсэнээс 66, улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоос 100 хувь хангадаг болсноос 15 жилийн дараа “Атрын IV” аяныг албан ёсоор эхлүүллээ. Чингэхдээ ухаалаг, дэвшилтэд технологид суурилж, дотоодын хүнс, тэжээлийн хэрэгцээг хангахаас гадна экспортын чиг баримжаанд төвлөрсөн газар тариалан, эрчимжсэн мал ахуйн хослолыг бий болгох нь. Өөрөөр хэлбэл, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнд найдаж суух бус нийт эргэлтийн талбайгаа 1.2 сая га-д хүргэх замаар газар, тариалангийн салбарт импортыг бүрэн халж, хүнсний экспортлогч орон болох том амбийц энэ Засгийн үед ийн өдөллөө.

Г.Эрхэс