Стратегийн ордод оруулах жагсаалтад “Онтре” ХХК-ийн эзэмшиж буй талбайг хамааруулжээ

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Онтрэ” ХХК (Entrée Resources LTD)-ийн ашиглалтын лиценз болон Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын, “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийн талаарх Зам, тээврийн яамны мэдээллийг тус тус сонсож, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа.

Байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээлэлдээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Монгол Улсын Засгийн газар болон “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компанийн хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд “Оюу толгой” ХХК нь 6709A, 6708A болон 6710A тоот тусгай зөвшөөрлийн хүрээнд хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахаар заасан. Гэвч уг гэрээний 3.3-т “Хөрөнгө оруулагч нь ... гэрээний 15.7.8-д зааснаар олгогдсон талбай дахь уурхайн эдэлбэрт орших аливаа ашигт малтмалын орд газраас ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу явуулах эрхтэй.” гэсэн заалт орсон байна. Уг 15.7.8-д “Антре гоулд” компанийн эзэмшиж буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар Айвенхоу Майнз Лимитед компанийн өнөөгийн эдэлж буй эрхийг гэрээгээр баталгаажуулах, эсхүл холбогдох эрхийг Хөрөнгө оруулагчид шилжүүлж /ийнхүү шилжүүлсний дараа Засгийн газар уг эрхийн 34 /гучин дөрөв/ хувийг эзэмшинэ/, улмаар Засгийн газар уг хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох” талаар заасныг тодорхой дурдав. Мөн тэрбээр, гэрээний 15.5-д “Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 15.6-д заасан шаардлагуудыг хангасан тохиолдолд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэл хүргүүлж, Хөрөнгө оруулагчийн шууд ба шууд бусаар эзэмшиж буй, эсхүл хяналтандаа авсан Оюу толгой ордын эрдэсжсэн тогтолцооны хэсэг болох ашигт малтмалыг агуулж буй ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг энэхүү Гэрээнд хамааруулах хүсэлтээ гаргах эрхтэй бөгөөд энэхүү Гэрээний 16 дугаар бүлэгт тодорхойлсон Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд хамруулахаар Хөрөнгө оруулагчийн гаргасан хүсэлтийг Засгийн газар нь энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ” гэж заасан талаар танилцууллаа.

Хөрөнгө оруулалтын гэрээний 15.7.8-д дурдагдсан 3148Х, 3150Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг Антре (“Онтрэ”) ХХК-д 2001 оны дөрөвдүгээр сарын 03-нд олгосон бөгөөд хуучнаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 877 дугаар шийдвэрээр “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй MV-015226, MV-015225 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл болгожээ. Эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд Оюу толгойн бүлэг ордын нөөцийн зэсийн 24.0 хувь, алтны 42.0 хувь, мөнгөний 29.0 хувь, молибденийн металлын 94.0 хувь нь хамаарч байна.

Туркойз хилл ресурс, Онтре ресурс лимитэд компаниуд 2004 онд буюу Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнө хоорондоо “Ашиг хуваах гэрээ”-г байгуулсан байна. Уг гэрээгээр Онтрегийн талбай дахь геологийн судалгаа, хайгуулын ажлын зардалд Туркойз хилл ресурс компани 35.0 сая ам.доллар, түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд, мөн олборлолт хийх гүн нь газрын гадаргаас доош 560 метр хүртэл бол 70.0 болон 30.0 хувь, 560 метрээс доош бол 80.0 болон 20.0 хувийн эдийн засгийн өгөөж хүртэхээр тохиролцжээ. Энэхүү 70-80 хувийн ашиг хүртэх эрхээ Туркойз хилл ресурс компани 2005 онд “Оюутолгой” ХХК-д шилжүүлсэн байгаа юм. Гэвч эдгээр ашиг хүртэх болон эрх шилжүүлэх гэрээнүүд, Онтрегийн тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад Оюутолгой ХХК үйлдвэрлэл явуулах болон компаниуд тус тусын эдийн засгийн сонирхлыг баталгаажуулах үйл явц удаашралтай байна гэж үзэн Онтре гоулд компани 2022 оны тавдугаар сард арбитрын маргаан үүсгэсэн байна. Олон улсын арбитрын шүүхээс 2004 оны гэрээг баталгаажуулах, Онтре ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авахыг Оюутолгой ХХК зөвшөөрч, үүнтэй холбоотой татвар, хураамжийг төлөхийг үүрэг болгосон шийдвэрийг 2024 оны 12 дугаар 19-ний өдөр гаргаад байгаа юм. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ 2025 оны нэгдүгээр сард компанийн гүйцэтгэх удирдлагад эрх олгосон байна.

Монгол Улсын Засгийн газраас өнгөрөгч долоо хоногийн (2025.04.09) хуралдаанаараа стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн бүлэг ордын хил заагийг тогтоож, үүнд “Онтре” ХХК-ийн эзэмшиж буй талбайнуудыг хамааруулаад байна. Иймд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу “Онтре” ХХК-ийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших, эсхүл түүнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах, эсэх асуудлыг ойрын хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.

Тусгай зөвшөөрлүүдийг “Оюутолгой” ХХК-д шилжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх...” шаардлагыг хангуулах нь чухал байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэлдээ онцлов.