Б.Энхбаяр: “China Hyway Group” хугацаа хэтэрсэн өргүй тухай тодорхойлолтыг өөрөө гаргаж ирүүлсэн

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр “Туул хурдны замын төслийн хүрээнд хийсэн худалдан авах ажиллагаанд хийсэн дүгнэлт”-ийг танилцуулсан.

Тэрбээр Худалдан авах ажиллагаанд хийсэн шалгалтыг гэрээ байгуулах эрх олгосон түншлэл тендер шалгаруулалтын шаардлага шалгуурт нийцсэн эсэх, түншлэлийг төлөөлж гэрээний хэрэгжилтийг хангах нэг гишүүнийг томилсон эсэх, тендерт эрх олгосон түншлэлийн тусгай зөвшөөрөл хуулийн шаардлагад нийцсэн эсэх, тендер шалгалтын шаардлага болох татвар, нийгмийн даатгалын өр төлбөрийн лавлагаа, тендерт оролцогч хуулийн этгээдийн санхүүгийн баталгаа чадамж, ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага, ур чадвар гэсэн зургаан чиглэлээр хийсэн гэв.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Туулын ордны замын ажил гүйцэтгэхийн тендер шалгаруулалтад дөрвөн компани оролцсоноос захиалагчаас “China Hyway Group Limited” болон “Tianjin Oubaiwei” компанийн түншлэлд 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 03/2052 тоот шийдвэрээр гэрээ байгуулах эрх олгожээ. “China Hyway Group” болон “Tianjin Oubaiwei” ХХК-ийн түншлэл нь тендерийн цахим систем (tender.gov.mn)-ээр компанийн худалдааны менежер Д.Золбоо 2025 оны 06 дугаар сарын 27-ны 01:19:33 цагт цахим тоон гарын үсгээр баталгаажуулж илгээсэн байна. Д.Золбоо нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болохыг нотолсон, захирал Liu Daiwen-ээс олгосон итгэмжлэлийг ирүүлээгүй байгаа нь холбогдох хуулийн шаардлагад нийцэхгүй байна гэх дүгнэлтийг хийсэн гэв.

Мөн “China Hyway Group” болон “Tianjin Oubaiwei” компани 2025 оны 06 дугаар сарын 09-ний HYWAY-2025-005 дугаартай “Консерциумын гэрээ”-ний дагуу түншлэлээр оролцсон боловч уг гэрээнд түншлэлийг төлөөлөн оролцох, гэрээний хэрэгжилтийг захиалагч, хуулийн этгээдийн өмнө хариуцах нэг гишүүнийг томилоогүй байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.2- дахь заалтыг зөрчсөн байна гэлээ.



Татвар, нийгмийн даатгалын өр төлбөрийн лавлагааны тухайд “China Hyway Group” хугацаа хэтэрсэн өргүй тухай тодорхойлолтыг өөрөө гаргаж ирүүлсэн байна. Citibank N.A HongKong банкны и-мэйл ирүүлсэн боловч “зээлийн мэдээллийн сан”-гийн тодорхойлолттой адилтгах баримт бичиг ирүүлээгүй байгааг Б.Энхбаяр сайд хэллээ.