Н.Учрал: Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжил
Б.Найдалаа: Xэн нэгнийг буруутгахаас илүүтэй, бодлогын алхмуудыг авч хэрэгжүүлэх нь чухал
Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсслоо. Эрчим хүчний сайд Б.Найдалаа тус салбарт шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байгааг дурдаад, нэн тэргүүнд “Нэг бодлого-Есөн ажил-Гурван зарчим”-ын хүрээнд 139 ажил үйлчилгээг хэрэгжүүлнэ хэмээн танилцууллаа. Тэрбээр, уян хатан, тогтвортой тарифын бодлого, хүнээс хамаарал багатай технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх, ухаалаг хэрэглээний систем шинэчлэл эхлүүлсэн гэв.
Эрчим хүчний тархмал эх үүсвэрийг дэмжиж, хувийн хэвшлийнхний оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, хүний нөөцийн бодлого, салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг чухалчилж байгаагаа сайд онцлов. “Нэг бодлого” гэдэгт эрчим хүчний шилжилтийн стратеги, нэгдсэн бодлогоо багтааж, 2050 он хүртэлх нэгдсэн системын чадлын балансын таац боловсруулах, устөрөгчийн хэрэглээ, үйлдвэрлэл, экспорт, цэвэр эрчим хүчний шилжилтийн цаглавар, салбарын шинэчлэл, зураглал, бүсчилсэн хамтын ажиллагааг тусгажээ. Харин есөн ажлынх нь нэгт, тарифын бодлого, зах зээлийн шинэчлэл, хоёрт, ухаалаг эрчим хүчний систем, гуравт, тархмал эх үүсвэрийг дэмжих, талын эрчим хүч, бие даасан шийдэл бий болгох, дөрөвт, эрчим хүчний эх үүсгүүр, дэд бүтцийг байгуулах, тавд, шинэ технологи нэвтрүүлэх, зургаад, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, долоодугаарт, хүний нөөцийн бодлогоо шинэчлэх, салбараа чадавхжуулах, наймд, салбарын засаглалыг сайжруулах, есдүгээрт, эрх зүйн орчны шинэчлэл төлөвлөгджээ.
Улсын хэмжээнд эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1,936 МВт-д хүрсэн. Эх үүсвэрийн хувьд 82 хувийг нүүрсээр, 8.2 хувийг салхин цахилгаан станцаар, 8.1 хувийг нарны эрчим хүчээр, 1.4 хувийг усаар бий болгодог. Цахилгаан, дулааны хэрэглээ өсөн нэмэгдэж, зөвхөн Улаанбаатар хотод жилд 190 гаруй Гкал/ц-ийн хэрэглээ бүхий 280 гаруй барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжийн системд шинээр холбогддог.
Сүүлийн хоёр жилд Улаанбаатар хотод Бөөрөлжүүтийн 300 МВт-ын станц, Сонгино 80 МВт, Багануур дүүрэгт 50 МВт-ын батарей хуримтлуурын станц, Дорноговьд 30 МВт-ын, Хөвсгөлд 10 МВт-ын нарны цахилгаан станц, Дорнодод 50 МВт-ын дулааны цахилгаан станц, Завханд 22 МВт-ын станц шинээр ашиглалтад оруулсан боловч нөөц, чадал хүчин мөхөс хэвээр байгаа. Хүлээгдэж буй хүсэлт 2266 МВт гэдэг нь одоогийн хэрэглээнээс ч давсан үзүүлэлт. Иймд яаралтай арга хэмжээ авч, ажиллаж эхэлсэн. Салбарын 27 төрийн өмчит үйлдвэр, компани өвөлжилтийн бэлтгэл хангаж, 26 хувийн гүйцэтгэлтэй яваа. Нийт 19 нэр төрлийн 1,440.8 тэрбум төгрөгийн ажлыг санхүүжүүлсэнээр эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах сүлжээний найдвартай ажиллагаа дээшилнэ. Зөвхөн энэ онд 360.2 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай. Ер нь энэ салбарт үүссэн асуудал олон жилийн турш хуримтлагдсан онцлогтой учраас хэн нэгнийг буруутгахаас илүүтэй, бодлогын алхмуудыг авч хэрэгжүүлэх нь чухал гэдгийг Эрчим хүчний сайд илтгэсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Уянга, Бөөрөлжүүтийн дулааны станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж, шинэ хуулийн төслийн талаар, УИХ-ын гишүүн Г.Очирбат, иргэдийн эрчим хүчний хэрэглээг үнэн зөв тооцох, үнэ байнга нэмж байгааг, жил бүр аргацааж ирсэн ч иргэд өвөл цахилгаангүй, зутардаг хэвээрээ гэсэн асуудлыг хөндөв. Гишүүд өвөлжилтийн бэлтгэл ажил өмнөх жилтэй харьцуулахад хоёр хувь хоцорч явааг шүүмжиллээ.