Хоббигоороо эко бүтээгдэхүүн хийдэг "БҮТЭЭЛЧ ЭЭЖ"

Нов ногоон моддын дор хэвтэж, анхилуун тансаг цэцэгсийн үнэрт бялуурах сайхан мэдрэмжийг хаврын улиралд дахин мэдрэв. Яг л зун шиг... Энэ мэдрэмжийг стрессийн эсрэг эко бүтээгдэхүүн хийж, үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьдаг “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” C.Болор-Эрдэнийн урлангаас мэдэрсэн юм. Тэрээр сонирхлынхоо дагуу гоо сайхны болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг хийгээд нэлээд хугацааг үджээ. Уруулын будаг, үнэртэй ус, арьс арчилгааны бүрдэл, ваннын давс, ханиадны эсрэг тосон түрхлэг, саван, үнэртүүлэгч зэргийг эрүүл мэндэд тустай эко бүтээгдэхүүн ашиглаж хийдэг. Түүний хийж буй ажил хүний амь нас, арьс арчилгаатай салшгүй холбоотой учраас чанартай америк бүтээгдэхүүн сонгож хэрэглэдэг гэдгээ онцолж байлаа. Хэрэглэгчдийнхээ арьсанд тохирсон чанартай бүтээгдэхүүн хийдэг ч худалддаг үнэ нь тун боломжийн. Ердөө 5000-200000 төгрөгийн үнэтэй. "Орлого олохын тулд биш олон хүнийг гоё сайхан харагдуулахын тулд үйлчлүүлэгчдэдээ зориулан ханшаа боломжийн үнээр тогтоосон" гэдгээ онцолж байв. Бүтээгдэхүүнээ хийхэд эхлээд захиалга өгсөн хүнийхээ арьсыг оношилж, таарахыг нь сонгож хийдэг. Мөн захиалагчдадаа, ямар орц найрлагатай, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн. Хэр хугацаанд, хэрхэн яаж хэрэглэх талаар зөвлөгөө өгч хэрэглүүлдэг аж.

“Таны хийсэн бүтээгдэхүүн таалагдсан. Арьс маань сайхан болж байна. Ахиж захиалга өгье гэдэг. Хүн бүхэн бүтээлч байх ёстой. Миний хувьд 25 настайдаа сургалтын төвөө байгуулсан. Түүнээс хойш 20 жил нийгмийн сайн сайхны төлөө хөдөлмөрлөсөн. Олон ч хүнийг сургалтад хамруулж, амьдрал ахуйд нь тус болсон. Залуу хүн завтай байна гэдэг эмгэнэл. Сүүлийн үед эмэгтэйчүүд маш хөдөлмөрч, бүтээлч сэтгэхүйтэй болсон байна лээ. Ээж, эхнэрийнхээ үүргийг сайн биелүүлэхээс гадна эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулдаг бүтээлч бүсгүйчүүдээр бахархдаг. Би багш мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын аргазүйч. Төслийн зөвлөхийн ажлыг ч давхар хийдэг. Анх хоббигоороо саван хийх сургалтад хамрагдсан. Мэдээж төлбөрөө төлж сууж байгаа хүн чинь багшийгаа их ажигласан. 30 нас ч хүрээгүй байж ямар мундаг юм бэ л гэж бодсон. Бүтээгдэхүүн хийх судалгаагаа үнэхээр сайн мэддэг. Бүр үндэс угсаа гарал үүслийнхэн талаар нэг бүрчлэн зааж, хэлж өгч байсан. Хоббиндоо хөтлөгдөж янз бүрийн бүтээгдэхүүн хийсэн. Найз, хамаатан гээд хүмүүст гарын бэлэг болгож, хэрэглэж үз гээд л өгөөд байсан. Нөгөө хүмүүс маань дуусчихлаа, дахиад захиалж хийлгэе гэж санал тавьж эхэлсэн. Миний хийсэн эко бүтээгдэхүүнийг хүмүүс хэрэглэх санал тавихад их урамшсан. Одоохондоо танил талынхаа хүрээнд боломжийн үнээр захиалга аваад хийж өгч байна” гэж С.Болор-Эрдэнэ хэлж байлаа. 

Түүний урлангийн өрөөнд өнгө алагласан гоо сайхны болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн өрөөстэй харагдана. Саванг гэхэд батганы, бактерийн эсрэг, арьс гуужуулах, арьсыг зөөлрүүлж, цайруулах, эмэгтэйчүүдийнх зэрэг олон төрлөөр хийжээ. Тэр ч бүү хэл хүүхдэд зориулсан 3D дэгдээхэйтэй болон хүүхэлдэйн баатрын дүрстэй саванг ч  өнгө загварын өргөн сонголттой хийсэн байв. Машины болон тасалгааны үнэртүүлэгчийг янз бүрийн хэлбэр дүрст оруулан хийжээ. Тэдгээрээс цэцэг навч, агь таана, гангын үнэр үнэртэнэ. Хүн хүсвэл юуг ч хийж чадаж, хүн бүхэнд эерэг энерги түгээж, хийж бүтээх үйлсийнхэн түүчээ болж чаддагийг хөдөлмөрч бүсгүй С.Болор- Эрдэнэ баталж байна. Тэрээр “Амьдралын үнэ цэнийг утга учиртай амьдрах гэж бодож явдаг. Хүмүүний амьдралын жамаар нас ахиж, би юу хийж бүтээж амьдарсан юм бэ гэж дүгнэлт хийх өдөр ирж л таарна. Тэр үед хийсэн бүтээсэн хүнд тусалсан зүйлээрээ бахархах хэрэгтэй"гэв.  Гурван хүүгийн ээж тэрээр тэдэндээ зөв амьдрах ухаан, хүнийг хайрлаж, хүндэлж, тусалж явахыг өвлүүлэн үлдээхийг зорьдог. Түүний хэлж буй үг бүхнээс ажлыг чинь сэтгэлээсээ хийж, хүнд тустай явбал хүн болсны утга учир хэмээх бодол төрүүлнэ. Ингээд түүнээс  цөөн асуултад хариулт авсан юм.

Тантай ярилцаж суухад байгалийн гаралтай эко бүтээгдэхүүн хийдэг гэж ойлголоо. Таны хийсэн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэхэд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Тиймээ байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглаж, хийдэг. Хөгшрөлтийн эсрэг бүтээгдэхүүн хийж байна. Арьс чангалах, хялгасан үрчлээг арилгах, тэжээл өгч, сэвх, нөсөө толбо, тэжээл өгч, цайруулах үйлчилгээтэй. Бүтээгдэхүүнээ өөрөө мөн хэрэглэдэг. Миний арьс их нүхжилттэй байсан. Одоо нүхжилтгүй сайхан болсон. Үйлчилгээ маш сайн. Хэрэглэгчид ч энэ тухай хэлдэг. Эмэгтэй хүн бүхэн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тухайн бүтээгдэхүүнд тодорхой хэмжээгээр химийн бодис ордог. Тэгэхээр хүний арьс тодорхой хэмжээнд хордоно. Тиймээс би  эрүүл эко бүтээгдэхүүн хийхийг зорьж, судалгаа хийсний үндсэн дээр сургалтанд хамрагдаж, гоо сайхны бүтээгдэхүүн хийж эхэлсэн.

-Химийн орцгүй гоо сайхны бүтээгдэхүүн хийж байна гэхээр гайхах хүн олон. Жишээ нь, үнэртэй усанд тодорхой хэмжээгээр химийн хольц ордог гэж сонссон. Таны хэлж байгаагаар үнэртэй усыг хийхэд зөвхөн байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашигладаг гэсэн үг үү?

-Янз бүрийн төрлөөр хийж болно. Гаднаас орж ирдэг үнэртэй усыг химийн гаралтай молекулуудаар хийдэг. Харин миний хувьд натурал буюу эфирийн тосыг ашиглаж хийж байна. Бүтээгдэхүүний дийлэнх нь эмчилгээний зориулалттай, стресс, нойргүйдэл, ядаргаа арилгадаг.  Стрессийн эсрэг үнэртэй ус хийж байсан. Орой амрахдаа дэр болон, орны даавуу руугаа цацаад унтчихана. Цэвэр 100 хувийн эфирийн найрлагатай учраас хүнд сайхан мэдрэмж төрүүлэхээс гадна үнэрээ удаан барьдаг.

 -Эфирийн тос хэрэглэдэг гэсэн. Хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ. Тухайлбал гоо сайхан, сэтгэл санаанд хэрхэн нөлөөлөх вэ?

-Эфирийн тос хүний биед маш олон төрлийн нөлөө үзүүлдэг. Биеийн эсэргүүцлийг сайжруулж, бактери вирусээс хамгаалах хүчтэй бодис их орно. Мөн цусны эргэлтийг сайжруулж, дотор эрхтэний үйл ажиллагааг дэмжих бодис ч агуулагддаг. Эфирийн тосны найрлагад тослогийг тэнцвэржүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээтэй бодисууд байдаг. Бактери, вирус устгах, ариутгах бодис их байдаг учир сэвх толбо, сорви арилгана. Сэтгэл санаанд нөлөө үзүүлж, тайшруулдаг. Тухайлбал, тосыг үнэртэхэд эндорфин, серотонин, адерналин зэрэг дааврууд ялгарч хүний мэрдэлийн эсүүд тайвширч, урам зориг, эрч хүчтэй болдог.

 -Таны хийсэн бүтээгдэхүүн хэдэн төгрөгийн ханштай вэ. Эко бүтээгдэхүүнээр хийдэг гэхээр хэтэрхий үнэтэй гээд ойлгочих тал байдаг?

-Ханиадын эсрэг тосон түрхлэг гэхэд л 5000 төгрөгийн үнэтэй зардаг. Өглөө хүүхдүүддээ түрхэж өгөөд гаргадаг. Одоогоор ханиад хүрээгүй л байна. Ерөнхийдөө 5000-200000 төгрөгийн ханштай байна.

-Ханиад томууны улирал эхэлчихсэн хүүхдүүд өвдөх нь ихэсч байна. Та хүүхдийн дархлааг дэмжих бүтээгдэхүүн хийж байна уу?

-Ханиадны эсрэг ваннын бөмбөлөг хийж байгаа. Долоо хоногт хүүхдээ хоёр удаа усанд оруулахдаа нэг ширхэг бөмбөлөг хийнэ. Хүүхдийн дархлааг дэмжихээс гадна ханиад томуунаас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй.

-Эко бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсдэг маш олон хүн байгаа. Та цахим орчинд пэйж хуудаст ажилуулдаг уу. Захиалга өгөхийг хүсвэл яаж холбогдох вэ?

-Монголын Био бүтээгдэхүүн Арома сонирхогч, хэрэглэгчдийн АНХИЛУУН групп гээд байгаа. Тэнд эко бүтээгдэхүүний талаар болон сургалтын мэдээллүүд тавигддаг. Би ч өөрөө сургалт явуулж байна. Тэгэхээр эко бүтээгдэхүүн хийж сурах сонирхолтой хүмүүс дээрхи группээс сонирхсон мэдээлэлээ  авах боломжтой.