Өв соёлыг түүчээлэгч үндэсний хувцасны уран судлаач

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН  БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ үндэсний хувцасны “Уран гоёл урлан”-г үүсгэн байгуулагч Ш.Должинсүрэнг урьсан юм.


Хятад хэлний орчуулагч, хэл шинжээч мэргэжилтэй тэрбээр хэвлэл мэдээлэл болон барилгын салбарт ажиллаж ирсэн нэгэн. Соёл судлалын магистр зэрэгтэй ч СУИС-ийн докторантурт суралцаж, монгол хувцасны түүх, утга бэлгэдлийн сэдвээр судалгааны ажил хийж байгаа гэнэ. “Монгол төрийн ёслол хүндэтгэлийн хувцасны уламжлал шинэчлэл, утга бэлгэдэл маш чухал сэдэв. Хаан хүн, төрийн тэргүүний ёслол хүндэтгэлийн хувцасны өнгө, хээ, хийц загвар дахь утга бэлгэдлийг судлана гэдэг монголчуудын түүх, ертөнцийг үзэх үзэл, төрт ёс, бэлгэдэл зүйн талаар цаг хугацаа, орон зайн хувьд  асар өргөнөөр авч үзэх шаардлагатай. Маш нарийн нандин мэдээлэл, мэдлэг хуримтлуулж байгаадаа их баяртай байгаа” гэлээ.

Ш.Должинсүрэнгийн удамд уран хүн олон. Ээж нь чамбай сайхан оёно. Охиддоо оёж хатгахыг багаас нь зааж сургаж “Хүн хувцаслана гэдэг дээдийн буян шүү” хэмээн үргэлж захидаг байжээ. Цагаан сараар дээл хийлгэхээр ирэх хүмүүсийн цуваа тэднийхээс тасрахгүй. Шинийн нэгний өглөө сүүлчийн учигаа шингээж, эзэнд өгч байсан тухайгаа дурслаа. Хувцас загварын сургуульд суралцаж номыг нь заалгаагүй ч урлах авьяас удмаас нь өвлөгдөж,  өөрийнх нь сурах хүсэл тэмүүлэл өнөөдөр үндэсний дээлний брэнд бүтээхэд нөлөөлжээ.

Ээж, эгч нарыгаа дээл эсгэж, оёхыг хажуугаас нь харж өссөн тэрбээр нэг л өдөр өөрөө дээл эсгээд оёжээ.  Охиныхоо оёсон дээлийг ээж нь үзэж, товч шилбэ оёхдоо анхаарах зүйлсийг хэлж, алдаагаа сайшруулахыг  зөвлөсөн байна.

Зургаан жилийн өмнө өөрийн нэрийн урлангаа нээж, монгол үндэсний дээл хувцсыг өнгө загварын өргөн сонголттой хийц, чанарт анхаарал хандуулж урлаж эхэлжээ. “Урлантай болох бодол сэтгэлд минь олон жил байсан. Хийц загвар, хэрхэн урлахаа төсөөлчихсөн байжээ.  “Би чадна” гэсэн итгэл, үндэсний хувцсаа монголчууд ингэж л хийж өмсмөөр байна гэсэн бодол, өөрийн сонирхол гурав маань нэгдээд дотроос хатгаад байсан болохоор урлан маань бий болсон” гэлээ.  

-Монголчууд эрт үеэс  энгийн монгол дээл, хүрэм, цамц  өмсдөг байсан. Одоо орчин үеийн загварын чиг хандлагатай уялдуулж, өнгө загварын өргөн сонголттой хийдэг болжээ?

-1920-иод оны эхээр европ хувцас нэвтэрч, хотжилттой холбоотойгоор үндэсний хувцасны хэрэглээ багасч эхэлсэн байдаг. Улаанбаатарт энэ үзэгдэл дал наяад оны үед оргилдоо хүрч байтал 1990 оны ардчилсан хувьсгал үндэсний ухамсрыг сэргээж, энэ нь хамгийн түрүүнд хувцасны соёлд тусгалаа олж, үндэсний хувцсаа хүндлэх, хэрэглэх нь эрс нэмэгдсэн. Нөгөө талдаа үндэсний хувцасны загварт эрс өөрчлөлт орж, орчин үежиж байна. Үндэсний хувцасны онцлогийг шингээсэн европ загвар, элемент агуулсан монгол хувцас гэсэн эсрэгцсэн хоёр чиглэлээр хөгжиж байна. Дизайнерийн зоригтой шийдэл, материалын элбэг сонголт, өнгөний олон хувилбар уран бүтээлч сэтгэлгээг ихээр хөгжүүлж байна. Гэхдээ хувцасны хэлбэр загвар яаж олширсон ч монгол үндэсний хувцасны уламжлалт загвар үнэ цэнэ, байр сууриа алдахгүй гэдэгт би итгэдэг. Яагаад гэвэл амьдралаар, цаг хугацаагаар шалгагдан төгсөрсөн, монгол хүний бие махбодын онцлогт тохирсон сонгодог загвар шүү дээ.  

-Үндэсний дээл хувцсыг хийхэд хэр ажиллагаа шаарддаг вэ. Хувцас загварын салбарынхан гэхээс худалдаж авдаг хүмүүс төдийлэн мэддэггүй?

-Уламжлалт аргаар оёход ажиллагаа нэг их биш. Дээлээ өөрөө эсгээд оёчихдог хүмүүс мэднэ дээ. Харин манайх бол мэргэжлийн урлан учраас их олон шат дамжлагатайгаар хийдэг. Нэг хүн нэг дээл бариад гараасаа гаргана гэж байхгүй. Дизайнер загвараа гаргана. Эсгүүрчин эсгэнэ, оёдолчин оёно, захиалагчаа дуудаж примерка авна, товч шилбэчин, хатгамалч, чимэглэлч бүгд тусдаа, технологич дээл урлах явцыг бүхэлд нь хянана. 8-10 хүний оролцоотойгоор нэг дээл гараас гардаг. 

-Брэнд бий болгож, үндэсний үйлдвэрлэл эрхлэхэд санхүүгийн асуудал тулгардаг. Хийж, бүтээх хүсэл байвч залуусыг тушдаг зүйл бол яалт ч үгүй эргэлтийн хөрөнгө байдаг. Таны хувьд хэрхэн асуудлыг шийдвэрлэсэн бэ?

-Банкны зээлээр эхэлсэн. Хөнгөлөлттэй зээл, төсөл энэ тэр олдох биш. Бараа материалаа заримдаа зээлнэ, заримдаа худалдаж авна. Сандарсан үедээ өндөр хүүтэй мөнгө зээлнэ. Шүд зууж зүтгэж байж л жигдэрсэн. Амьдралаас харахад санхүүгийн асуудал жижиг, дунд бизнес эрхлэх гэж байгаа залуусыг хамгийн их мохоодог. Зээл, татвар, түрээс төлнө, хүмүүсээ цалинжуулна, зах зээлийн өрсөлдөөн дундаас ялгарч гарна гэдэг хэцүү. Ухаалаг тооцоотой хөдлөхгүй бол өрийн сүлжээнд орох магадлал туйлын өндөр.

-Танайх алдартай олон хүний дээлийг урласан байдаг. Энэ хугацаанд хэн хэний захиалгыг авч, дээл хувцас хийж өгөв. Танд итгэж захиалга өгч байгаа учраас хийц сайтай урлахыг хичээдэг байх…?

-Манайхаар олны танил олон хүн үйлчлүүлдэг. Өөрийн байргүй болохоор хоёр гурван ч удаа нүүдэл хийсэн. Хөөж сураглаад хүрээд ирдэг үнэнч үйлчлүүлэгч олон бий. Танай урлангийн хувцас өмссөн хойно биед эвтэйхэн байх юм гэцгээдэг. Мэдээж оёдол, хийцийг маань ч хардаг байх. Товч шилбээ танайх машинаар хаддаг юм уу гэж асуух нь хүртэл бий. Бид ямар ч хүний захиалгыг чин сэтгэлээсээ хийдэг, технологио хатуу мөрдөж чанартай бүтээгдэхүүн хийхийг хичээдэгтээ л байгаа юм. Манай хамт олон бүгдээрээ “Чанараар илүүрхэж хийцээр гайхуулна” гэсэн уриандаа эзэн байхыг хичээдэг. Итгэлийг сэтгэлээр хариулах ёстой гэдэг үг манай зарчим гэж хэлж болно.

Олны танил хүмүүс гэдгийн тухайд улстөрчид их үйлчлүүлнэ. С.Одонтуяа гишүүнээс эхлээд олон хүн бий. Бөхчүүд, уяачид байна. Н.Батсуурь аварга, М.Өсөхбаяр заан, харваачдаас Б.Дашзэгвэ мэргэн зэрэг. Жүжигчид, сэтгүүлч зохиолчид их ирнэ. Лам хуваргууд ирнэ. Үндэсний хувцасны үнэ цэнийг мэддэг, оёдол хийц, материалын чанар мэддэг олны танил биш байнгын үйлчлүүлэгч олон. Үр хүүхдээ, хүргэн бэрээ дагуулаад л ирцгээдэг. Хөдөө гадаанаас зориод ирнэ. Дөрвөн жилийн өмнө дээл хийлгэсэн хүн хайж байгаад оллоо гээд ирсэн тохиолдол ч байдаг. Харин энэ гайтай ковидоос болоод хоёр  жил олигтой ажилласангүй дээ. 

2 хүн гэх мэтийн зураг байж болно-Одоогоор хэчнээн төрлийн  бүтээгдэхүүн хийж байгаа вэ?

-Манайх нэг загвараа аль болох давтахгүй, тасралтгүй шинэ загвар гаргах бодлого барьдаг болохоор загвар маш олон. Үндэсний хувцсаа уламжлалт сонгодог загвараар хийх, орчин үетэй хослуулах гэсэн хоёр чиглэлийг хослуулдаг.

-Үнэлгээ тун боломжийн санагдсан?

-Үндэсний хувцасны урлан ашиг ихтэй ажил биш шүү дээ. Ашиг сайтай байя гэвэл өндөр үнэтэй байхаас аргагүй. Манайхтай адилхан бүтээгдэхүүн зарим салонд хоёр дахин их үнэтэй байдаг. Бид бол дундаж үнэлгээнд барьдаг. Харахад ижилхэн ч хямд торгоор бушуухан оёод хямдхан зардаг газартай харьцуулбал үнэтэй. Нэг дээлний чанартай сайн торго гэхэд зах зээлд 400-600 мянган төгрөгийн үнэтэй байна. Дээр нь дотор, эмжээр, хийцний мөнгө нэмэгдэхээр талийж өгнө. Ийм нөхцөлд боломжийн үнэнд барина гэдэг нэгж бүтээгдэхүүнээс хүртэх ашигаа багасга л гэсэн үг.

Миний хувьд урлан маань ээжийнхээ захиасыг биелүүлж байгаа, дээр нь өөрийн дуртай сонирхолтой ажил, нэмээд судалгааны ажлын маань лаборатори гэмээр юм уу, тийм болохоор энэ ажилдаа их дуртай. Хэн нэг хүн ороод ирэхэд тэр хүнд тохирох өнгө, загвар сэтгэлд зурсхийдэг, өмссөн хувцасных нь өө сэв хамгийн эхлээд нүдэнд өртдөг. Ингэтэл өвчлүүлдэг ажил шүү, оёдол гэдэг.  Гол нь монгол дээл сайхан өмссөн хүн цэгцтэй, цаанаа л нэг донжтой болчихдог. Сайхан дээл өмссөн хүн өөрийн эрхгүй нуруугаа тэнийлгээд алхаа шигшээ нь өөр болчихдог юм.

-Үйлдвэрлэгч орон биш учраас түүхий эд, материалын олдоц муу байдаг гэдэг. Энэ талаар?

-Үйлдвэрлэгч орон биш байна гэдэг үнэхээр асуудал мөн. Торго дурданг гаднаас авч байна, захиалж хийлгэж байна. Мөнгө нь байвал хаанаас захиалж болж байгаа болохоор олдоцын хувьд асуудал гайгүй. Гагцхүү тээвэр, татварт л их мөнгө урсаж байна.

Гэхдээ манайх ноолуур, ноосон даавуу, ер нь цэвэр даавууны экспортлогч орон болох боломжоо тоохгүй байна.  Дэлхий өөрчлөгдөж байна. Дэлхийн том брэндүүд шошгон дээрээ QR кодтой болж, бүтээгдэхүүнийхээ орцын гарал үүслийг мэдээлдэг болж эхэллээ. Энэ бол монголчууд малынхаа үс ноосоор  цэвэр эко даавуу, утас үйлдвэрлэвэл том том худалдан авагчид нь байж байна гэсэн үг. Мөнгөтэй боломжтой хүмүүс нь энэ орон зайг эртхэн эзлээд аваасай гэж бодогддог.

-Үйлчлүүлэгчдийнхээ урмын үгсээр урагшлах эрч хүч авч, улам сайн бүтээл урладаг байх. Дээл захиалж хийлгэсэн хүмүүс өмсөөд зогсоход ямар мэдрэмж авдаг вэ?

-Гоё шүү дээ. Хүүхэд байхад ээж минь шинэ дээл хийж өмсгөөд толинд харуулахад нэг их сайхан мэдрэмж төрдөгсөн. Яг л түүн шиг сайхан санагддаг. Монголчууд дээлийг захтай хувцас, бүтэн хувцас гэж их хүндэлдэг уламжлалтай. “Бүтэн хувцастай хүний заяа бүтэн” гэж үг байдаг юм билээ. Бидний аав ээжүүд цагаан сар, наадмаар хүүхдүүддээ заавал шинэ дээл хийж өгөөд байдгийн  учир тийм юм билээ. Нэг ч гэсэн монгол хүн бүтэн хувцастай боллоо гэж бодохоор сайхан байдаг. Миний судалгааны ажлын нэг хэсэг нь монгол хувцасны бэлгэдэл зүйн асуудал болохоор сүүлийн үед энэ талын мэдлэг их нэмэгдэж байгаа.

Бас амьдрал дээр их сонин зүй тогтол гэмээр юм анзаарагддаг. Зарим хүний дээл ямар ч асуудалгүй, маш амархан оёгдчихдог. Зарим хүнийх нэг л болж өгөхгүй, олон дахин засуулж ханзлуулж бөөн юм болж байж бүтдэг. Сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүс, бөхчүүдийг анзаарч байхад дээлийг нь оёход хэцүү байсан хүмүүс жаахан тааруухан амжилт үзүүлэх тал анзаарагддаг. Мөн хэдэр ёдор, ааш муутай хүмүүсийн хувцсан дээр юм л бол асуудал гарчих гээд байдаг юм. Зарим хүн лам багш намайг ийм өнгийн дээл хийлгэ гэсэн гээд ирдэг. Хүнд тухайн жилийн ээлтэй юм уу, харш өнгө байдаг гэдэг үнэн юм шиг байна гэж бид нар хоорондоо ярилцдаг.

-Ингэхэд та үндэсний хувцсаа бэлгэдэл зүйн талаас судалдаг гэж түрүүнд ярьсан. Хүний дээл хувцас оёход энэ уламжлалт мэдлэг хэрэг болдог уу?

-Монгол хувцас хийх үйл маань өөрөө эсгэхээсээ эхлээд их утга бэлгэдэлтэй. Ээж ааваас өвлөсөн эртний ёсыг баримтална аа, бас. Би өөрөө оёдоггүй болохоор ажилчдадаа хүний хувцсыг уур уцаартай битгий оёорой, сүүлчийн учиг шингээхдээ заавал сайн сайхан ерөөл бодож шингээгээрэй гэж хэлдэг. Захиалагчийнхаа захиалгат хувцсыг нь өгөхдөө бас сэтгэлийн сайхан үг хэлээд гардуулахыг боддог. Энэ бүхэн чинь сэтгэлийн л юм шүү дээ. Оёж болохгүй байгаа дээл хувцсыг өмсөх эзнийх нь үйлийг хөнгөлье гээд хэд сайн сэгсэрчихээр саадгүй оёгдчихдог тал анзаарагддаг. Монголчуудын утга бэлгэдлийн ёсонд их учир байх шиг байгаа юм.

-Ажил хийж байгаа хүнд алдаа оноо хамт дэнслэгддэг. Шүүмжлүүлсэн тохиолдол байдаг байх. Заримдаа шүүмжлэлийг магтаал шиг хүлээж авбал маргааш нь алдаа гаргахгүй ажиллах нөхцлийг бүрдүүлж өгдөг юм шиг санагддаг?

-Шүүмжлэлийг хүлээж авч байж л алдаа оноогоо олж харна. Гэхдээ манайхан учиргүй шүүмжлүүлж байсан нь үгүй юм байна. Зарим хүний бариад ирсэн материал харахад гоё боловч оёдол муу авдаг, агшдаг, үрчийдэг, эсвэл эдэлгээ муутай зэрэг мэргэжлийн нүдээр харахаар асуудалтай байх нь бий. Түүнийг нь хэлэхээр уурладаг, загнадаг тохиолдол гардаг. Зарим хүн өөрийнхөөрөө зөрж зүтгэж урт, богино хийлгэчихээд дараа нь загнана. Нэг хүн өмсдөг дээлээ авчирч хэмжээ өгч хийлгэчихээд 1 см богинодсон байна гээд бөөн юм болж байсан. Энэ мэтийн явдлыг алийг тэр гэх вэ дээ. Ажил хийж байхад янз бүрийн л юм болно.

-Монголчууд ихэвчлэн импортоор оруулж ирсэн хувцас худалдан авч өмсдөг. Тиймээс хувцас бүтэх шат дамжлагыг төдийлөн мэддэггүй. Тэгээд л үндэсний үйлдвэрлэл гэхээрээ л үнэтэй байх юм гэж шүүмжилдэг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Ойлгохгүйн зовлон байдаг, байдаг. Бид бараг бүх материалаа гаднаас авч байна. Тэр нь гааль, татвар, тээврийн зардал зэрэг шингээд ирэхээр үнэтэй болно. Үнэтэй материалаар дээл хувцас оёхоор бүр үнэтэй болно. Гэтэл гадаадад олноор үйлдвэрлэдэг хямдхан бэлэн бүтээгдэхүүнийг  хамаагүй хямдаар зарна. Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах талаар төрөөс ихээхэн анхаарахгүй бол сүүлийн үед малгай, бүснээс эхлээд үндэсний хувцсаа хүртэл өмнөд хөршөөс авдаг боллоо.  Ардын хувьсгалын өмнө Нийслэл хүрээнд монгол гутал хийдэг хятад оёдолчид орширч, их чамирхсан хүмүүс урдаас ирдэг харчин монгол гутлыг хөдөө хотгүй үнэ хайрлахгүй өмсдөг байсан юм гэсэн. Гэхдээ өөрийгөө хүндэлдэг, дээл хувцасны утга бэлгэдлийг мэддэг хүмүүс үнийн асуудлыг ойлгодог юм билээ.

-Таны цаашдын зорилго, зорилт?

-“Уран гоёл” брэндээ ур хийц, чанарын хувьд одоогийн түвшиндээ барих л чухал байна. Шинээр ирж байгаа үйлчлүүлэгчид би бүтээгдэхүүнээ борлуулах гэж улайрлаггүй, харин аль болох сайн мэдээлэл өгөхийг хичээдэг. Эргэлзэж байгаа хүнд та бусад урлангуудааар ороод хийц, оёдлыг нь харьцуул, материалыг нь үз, үнийг нь сонирх, тэгээд сонголтоо хий гэж зөвлөдөг. Ер нь тэгэх ч ёстой шүү дээ. Гоёлын хувцаснаас гадна үндэсний онцлогтой, өдөр тутмын хэрэглээний хувцас үйлдвэрлэхийн төлөө хичээн зүтгэж байна. Ойрын зорилго гэвэл цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийн үеийг тэсч давах, холын зорилго гэвэл энэ зах зээлдээ тэргүүлэгчдийн нэг байх л юм даа. Монгол хувцасны соёл бол үндэстэн оршин буйн нэг том илэрхийлэл, өв соёлоо уламжлан хадгалах нэг том хөшүүрэг юм гэдгийг эцэст нь хэлье. 

С.Ичинхорлоо