Н.Уртнасан: "Андлалын өргөө" хариуцсан компани 1.9 тэрбум төгрөгийг буцаан төвлөрүүлсэн

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан "Андлалын өргөө"-г нураах шийдвэр гарсантай холбогдуулж мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Зураг төслийг уран барималч, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Эрдэмбилэг агсан гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, тухайн ажлыг гүйцэтгэгч "Хос санаа" компанитай гурвалсан гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг явуулж эхэлсэн. Харамсалтай нь Д.Эрдэмбилэг хүнд өвчний улмаас барилга угсралтын ажил ид явж байх үед нас барсан. Яамнаас энэхүү төслийг үргэлжлүүлэхтэй холбоотой судалгааг хийж, түүний шавь нартай уулзаж, анхны зураг төслөөр нь үргэлжүүлэх боломж байгаа эсэх талаар ярилцсан. Гэвч оюуны өмчийг эзэмшигч нь өөрөө барилгын явцад хяналт тавих боломж хязгаарлагдсан учраас зураг төслийг үргэлжлүүлэхэд хүндрэл үүсэж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Оюуны өмчийг цуцлахтай холбоотой саналууд гарсан. Д.Эрдэмбилэг агсны гэр бүлээс "Хос санаа" компанид оюуны бүтээлийг зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлт тавьсан. Мөн тухайн гэр бүлээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд "Андлалын өргөө"-г буулгаж, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байхыг хүсэж байна гэж хандсан. Улсын төсвөөс гарсан 1.9 тэрбум төгрөгийг "Хос санаа" компани буцаан төвлөрүүлсэн. Нураахтай холбоотой зардлыг орон нутагт тухайн компани хариуцан ажиллаж байна. Эцсийн тооцооллыг гаргаагүй. Нураах зардлыг улсын төсвөөс гаргахгүй" гэв.