Л.Амар: Зохицуулалтгүй салбар буюу койны зах зээл руу 50 тэрбум төгрөг орсон

Монголын банкны системийн хоёрдугаар улирлын тойм болон өрсөлдөх чадварын тайланг Банкны холбооноос танилцуулав.

Холбооны гүйцэтгэх захирал Л.Амарын хэлснээр цар тахлын нөхцөл байдлаас үүдэж, иргэдийн чанаргүй зээлийн хэмжээ буурахгүй байгаа аж. Үүнээс болж банкны өөрийн хөрөнгө буурахыг тэрбээр онцлов. Уг шалтгааны улмаас банк шинээр зээл олгох боломжийг хязгаарладаг аж.

Мөн "Эдийн засгийн цусны эргэлт болох зээлийг тогтвортой явуулъя гэж байвал чанаргүй зээлийг шийдвэрлэх тогтолцоо, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай. ЖДҮХС, Хөгжлийн банк зэрэг төрийн санхүүжилтын байгууллагуудын чанаргүй зээлийн хэмжээ өндөр, их наядын хэмжээнд яригдаж байгаа. Үүнийг шийдвэрлэх, мөн өмнө нь дампуурсан банкуудын зээлүүдийг шийдвэрлэх цогц эрх зүйн орчин хэрэгтэй байна. Ингэж байж, шинэ зээл гарч эдийн засаг сэргэнэ. "Ковид-19"-ийн дараах эдийн засгийн байдал чанаргүй зээлийн асуудлыг яаж шийдэхээс хамаарна.

Иргэдийн банканд итгэх итгэл өндөр хэвээр байгаа нь төгрөгийн хадгаламж 36 хувиар өссөнөөс харагдаж байна. Таван банкны эх үүсвэр өсөлттэй гарсан. Хадгаламжийн хүү буурсан ч мөнгөө хадгалж, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж байна. Зохицуулалтгүй салбар буюу койны зах зээл руу 50 тэрбум төгрөг орсон. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өсөлт 30-40 хувь байна. Энэ нь огцом өсөлт болоод буцаад унахад эдийн засагт маш их хохирол амсана" гэдгийг гүйцэтгэх захирал Л.Амар нэмж тодотголоо.