Д.Цогтбаатар: Мэргэжлийн хүний нөөц бэлтгэл бодитоор ахиж байгаа нь сайшаалтай
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас Европын Холбооны санхүүжилттэй Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” (2023-2025) төслийн хүрээнд Төрийн ордонд олон улсын онол, практикийн хэлэлцүүлгийг хийлээ.
“Эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт тус хэлэлцүүлгийг Монгол Улсад шүүхийн бус журмаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эвлэрүүлэн зуучлах төрийн бус байгууллагын үйл ажиллагааны талаар нарийвчилсан зохицуулалтыг бий болгох, институцийн бүтэц болон практик хэрэглээг сайжруулах, тэр дундаа эдийн засаг, бизнесийн салбарын хөгжилд нийцүүлэн арилжааны маргааныг түргэн шуурхай шийдвэрлэх хэрэгцээ шаардлага, хувийн эвлэрүүлэн зуучлалын шинэчлэлийн арга замын талаар Улсын Их Хурлын гишүүд болон бусад албаны хүмүүст мэдээлэл хүргэх, санал солилцох зорилгоор зохион байгуулсан юм.
Олон улсын онол, практикийн хэлэлцүүлгийн модератороор Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал нар ажиллав.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн юм. Зохион байгуулагч талуудад тэрбээр талархал илэрхийлээд “Монгол Улсын парламентын зүгээс шүүхийн ачааллыг бууруулж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд шударга, хүртээмжтэй, үр дүнтэй маргаан шийдвэрлэх орчин бий болгох нь хууль тогтоох үйл ажиллагааны чухал чиглэлүүдийн нэг хэвээр байна. Өнөөдөр дэлхий дахинаа шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх тогтолцоо (ADR) нь зөвхөн шүүхийн ачааллыг бууруулах бус, эдийн засгийн эргэлтийг түргэсгэх, талуудын харилцааг хадгалж үлдэх, бизнесийн орчныг тогтвортой байлгах нэн чухал механизм болжээ. Монгол Улс ч эдгээр чиг хандлагын дагуу эвлэрүүлэн зуучлалын тогтолцоог үе шаттай бэхжүүлж ирсэн бөгөөд эрх зүйн орчны хөгжил, олон улсын хамтын ажиллагаа, мэргэжлийн хүний нөөц бэлтгэл бодитоор ахиж байгаа нь сайшаалтай” гэлээ.
Энэхүү сэдвээр олон улсын онол, практикийн хэлэлцүүлгийг зохион байгуулж буй нь Улсын Их Хурал хууль тогтоох бодлогоо олон улсын сайн туршлагад тулгуурлан боловсронгуй болгож, талуудын оролцоог өргөн хүрээнд хангах нээлттэй, хамтын ажиллагааны зарчимтай нийцэж байгааг тэрбээр тэмдэглэв. Хууль зүйн байнгын хороо маргаан шийдвэрлэх тогтолцоог сайжруулах талаарх олон улсын туршлага, судалгааг дэмжих; талуудын оролцоотой нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх; хууль тогтоомжийн чанар, хэрэгжилтийг сайжруулах чиглэлд бодлогын түвшний хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгийг Д.Цогтбаатар дарга илэрхийлэв. Хууль тогтоох байгууллагын хувьд олон нийтийн дэмжлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, салбарын мэргэжлийн оролцогчдын дуу хоолойг сонсох, бодит хэрэгжилт, хүний эрх, шударга ёсны зарчмыг ханган хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг дурдлаа. Хэлэлцүүлгийн үр дүн, мэргэжлийн байгууллагуудын санал, судлаач, практик ажилтнуудын байр суурь нь парламентын цаашдын бодлого, хууль тогтоох үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулах нь гарцаагүй хэмээн үзэж байгаагаа нээлтийн үгэндээ тэрбээр онцолсон.