Алтан аргамжийн НЭРИЙН ХУУДАС-2

http://uzeg.info/i/3410

Үйлсээрээ цагаадав

Л.Эрдэнэчулуун сайдыг ийн санал тавихаас өмнө нэгэн үйл явдал болжээ. Тэртээ 1993 онд Монголын анхны Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар АНУ-ын Сенатор Алан Крэнстон иржээ. Калифорни мужийг Сенатад 24 жил төлөөлсөн, залуудаа Гитлер, Муссолинигаас хүртэл ярилцлага авч байсан алдарт сэтгүүлч тийнхүү Монголыг “нээхээр” ирсэн байв. Айлчлалынхаа хүрээнд МУИС-д оюутнуудтай хийсэн уулзалт дээр Содонтогос түүнээс англи хэлээр асуулт асуужээ. Уулзалтын дараа Крэнстон гуай түүнийг Монголд ажиллах үед нь орчуулагчаар ажиллахыг хүслээ. Содонтогос Гадаад харилцааны яамнаас томилсон албан есны орчуулагч байхад би болохгүй гэж хэлсэн боловч Сенаторч яамны холбогдох хүмүүстэй уулзаж Содонтогосыг орчуулагчаараа ажиллуулахаар болов.

Сонгууль болж, П.Очирбат анхны Ерөнхийлөгчөөр сонгогдов. Сонгуулийн маргааш өглөө нь Сенаторч Ерөнхийлөгчид бараалхахдаа Содонтогосын хамт явахыг хүслээ. Ерөнхийлөгч өөрийнхөө орчуулагчаар, Сенаторч Содонтогосоор орчуулуулав. Уулзалт сайхан болж өндөрлөлөө. Ерөнхийлөгчийн Гадаад бодлохын зөвлөх Баярт гуай аавынх нь хамаатан.  Уулзалт болсон өдрийн орой аав руу нь утас цохиж байна. Охин нь Ерөнхийлөгчийн уулзалтад ирж орчуулга хийсэн тухай дуулгав. Тэр өдөртөө “Хэний хүүхэд вэ? “гэсэн яриа гарсан байлаа. Бодвол сайд, дарга нарын хүүхдийн нэг гэж бодсон бололтой. Гэтэл цагтаа хэлмэгдэж явсан Эрдэнэцогт гуайн охин байж таарлаа. “Дүүгээрээ их бахархлаа. 20 жилийн өмнө таныг англиар ярихыг хориглосон. Харин өнөөдөр охин тань тухайн үеийн хориглосон хэлээр төрд орчуулга хийсэн нь сайхан. Үйлсээрээ цагаадаж байна, ах аа” гэжээ.

Аав Эрдэнэцогт

Үр хүүхэд, ар гэрээ хоолтой залгуулахын тулд Эрдэнэцогт гуай америкийн анчдад орчуулга хийдэг байж. Нэгэн удаа анчнаа дагуулаад Сүхбаатарын талбайд явж байтал “том” дарга нарын нэгтэй таарч тэр дор нь өнөө дарга холбогдох байгууллага руу утас цохиж, тэрнээс хойш хөрөнгөтнүүдэд орчуулга хийх эрхээ хасуулсан түүхтэй. Энэ бол ерэн оноос өмнө болсон хэрэг. Харин Содонтогос 1990-ээд оноос хойш төрийн өндөрлөгүүдэд орчуулга хийсэн. Монгол оронд ардчилал ирсэн он жилүүд. 1990 онд Эрдэнэцогт гуайн гэргий С.Бадамханд Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат багш цолоор шагнуулсан билээ. Баатар хот Москвагийн нэрэмжит, улсын тэргүүний 33 дугаар сургууль тэр үед ид мандаж явлаа. Олон сайн багштай, Ноосгой гээд мундаг захиралтай. Тийм сайн хамт олны нэг том тод өнгө нь С.Бадамханд багш байв. Түүний олон тэргүүн туршлагыг яамны сайдын зөвлөлөөс сайшааж улс даяар заавал нэвтрүүлэхээр болсон юм. Ер нь Бадамханд гуай тэтгэвэрт гарсан хойноо ч Багшийн сургуулийн зөвлөх болж бараг Монголын ихэнх сумаар орж багш нарт зөвлөгөө өгсөөр ирсэн.

Ээж С.Бадамханд

Эсэргүүгийн эхнэр гээд ээжийнхээ хасагдсан Монголын Багш нарын их хуралд Содонтогос пионерийн илгээлт уншиж оролцсон явдал түүх болон хоцорч. 1990 онтой золгосоор хардлага, хавчлага зогссон юм. Содонтогосын том эгч аравдугаар ангиа алтан медальтай төгсөж, конкурсэд нэгт жагсаж Олон улсын эдийн засагчийн хуваарь авсан ч эсэргүүгийн хүүхэд гэдэг шалтгаанаар хувиараа булаалгаж, золтой л сургуульгүй хоцроогүй билээ. Гэсэн ч Эрдэнэцогт, Бадамханд гуай хоёр сайн сайханд итгэх итгэлээ алдаагүй, баяр жаргалтай аж төрж, хүүхдүүдээ амьдралд, ажил хөдөлмөрт дуртай болгож хүмүүжүүлжээ. Ажлаас бусад бүх цагаа хүүхдүүддээ зориулна. Аав нь охиддоо төгөлдөр хуур, гитар, шанз, ятга авч өгч “эрхлүүлнэ”. Тэд бүжиглэж, дуулж, шүлэг зохиоход үзэгч нь аав, ээж хоёр нь. Аав бол хүүхдүүдээ байнга магтана, эрхлүүлнэ. Ээж чанга талдаа. Аав гадна ажлаа, ээж гэр доторхийг хариуцна. Хүүхдүүд нь гэртээ бүгд ажил үүргийн хуваарьтай. Эднийхээр ах дүүс, хамаатан садангийнх нь зочлох дуртай. Ээжийн хайлмаг, боорцог, бууз онцгой амттайгаар зогсохгүй маш сайхан дуулна. Содонтогос ээжийгээ гоо үзэсгэлэн, аавыгаа ухаан тэвчээрийн хэмжүүр, эталон болгон өсч. Ийм нэг хөл хөдөлгөөнтэй, аз жаргалтай гэр бүлд Содонтогос өсч том болсон юм.

Содонтогос Л.Эрдэнэчулуун сайдын санал болгосноор Гадаад яаманд ажиллах болов.

2000 он. Тэр үед Н.Багабанди Ерөнхийлөгч, Л.Энэбиш УИХ-ын дарга, Н.Энхбаяр Ерөнхий сайд. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Энхбаяр өөрөө хэл устай. Төрөөс тохоон томилсон албаны хүрээнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын албан орчуулгыг хариуцах нь Содонтогосын үүрэг. Орчуулга хийх бүрд Төрийн тэргүүн, парламентын спикерүүд маш анхааралтай сонсоно. Сэтгэл хангалуун байгаа нь илт мэдэгдэнэ. Содонтогос ажлаа л сайн хийхийг хичээнэ. Төрийн айлчлалаар гадаадад дагаж явна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын үгийг утга найруулгын алдаагүй орчуулна. Төрийн тэргүүн гэдэг албан айчлал хийж, өндөр хэмжээний яриа хэлэлцээ хийх бүрдээ улс орныхоо хамаг сайн сайхныг жишиж ярина, бас үзүүлнэ. Хамтын ажиллагаа, энх тайвны талаар өрнүүн ярилцана. Содонтогосын хүүхэд байхдаа хүсч мөрөөдөж байсан зүйл нь биелжээ. Анхнаасаа төлөвлөж, зурсан мэт хамгийн гол нь өөрийн хүсч, мөрөөдөж, сэтгэлдээ бүтээж байсан ертөнцдөө тэрбээр очсон юм шиг л дурлаж орчуулна.

Хүн үргэлж өгсөж, дэвших ёстой. Олон улсын төвшинд улс төрийн орчуулга хийнэ. Зарим хүмүүс орчуулагч бүхнийг мэдэх албагүй гэх боловч Содонтогосын хувьд бол өөр. Мэдэхгүй байж болохгүй. Ядаж мэдэхийн тулд судлах, уншиж, өөрийгөө байнга хөгжүүлэх ёстой гэсэн хатуу зарчимтай. Төрийн хэмжээний айлчлалын орчуулагчаар ажиллаж байхад нь БНСУ-ын Kyung Hee-гийн их сургуульд олон улсын эдийн засаг, улс төрийн чиглэлээр магистрт сурах боломж тохиолоо. Тодорхой хэмжээний босготой учраас түүнийх нь хүрээнд өрсөлдлөө, тэнцлээ. Ази номхон далайн бүс нутгийн олон улс судлалын тэнхимийн хуваарь авав. Зэргээ ч хамгааллаа. Эх орондоо буцаж иртэл Л.Эрдэнэчулуун сайд “Чамайг эзгүй хойгуур НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан айлчиллаа. Чи том толгойлоод явсан гээд халгаах шинжгүй. Уул нь яамандаа буцаж орох санаатай, гэтэл сайд дургүй байна. Үүдэнд нь зургаан сар сууж байж ажилд орно гэх утгатай зүйл хэлэв. Уг нь чөлөөт худалдааны гэрээний талаар онолын төвшинд нь судалж, мэргэжил дээшлүүлээд ирсэн хүн. Мэргэжлийнхээ зорилгыг цаасан дээр буулгаж ажил болгох хүсэлтэй. Гэвч сайдын зэмлэл гэхээсээ тунирхсан үгс түүнийг ямар ч урам зориггүй болгож орхилоо. Ийнхүү тэр хувийн хэвшилд хөл тавив.

Төр засгаараа ахин дахин хэлүүлдэг “Би хэн юм!”

Тэгтэл ЕТГ-аас залгалаа. Энэ удаад Батхишиг дарга холбогдож байна. “Төрийн өндөр төвшинд орчуулгаа хийх хэрэгтэй байна аа, ирээч. Яаманд биш ҮАБЗ-д асуудал хариуцсан референтээр ажилла. Ерөнхийлөгчийн орчуулгыг хий” гэв. Дахиад л нөгөө сонголт. Төр засгаараа ахин дахин гуйлгадаг “Би хэн юм!” гэх бодол зурсхийв. “Тэгье ээ” гэж хариу өглөө. Тэр даруйдаа ҮАБЗ-ийн Ажлын албаны Хүний аюулгүй байдлыг хариуцсан референт, хажуугаар нь төрийн албан ёсны орчуулга хариуцахаар болов.

No description available.

Чингэж явсаар 2005 оноос Монголын уул уурхайн салбар дэлхий нийтийн анхаарлын төвд орж, гаднын хөрөнгө оруулагчдаар “цангаж” эхэллээ. Монголдоо хөрөнгө оруулалт татахын тулд ажил хэргийн холбоотой ах нартайгаа нийлж “Discover Mongolia”-г санаачилж, Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгчийн зөвлөх болов. Энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өрнүүллээ. "Монголиан Майнинг" сэтгүүлийг англи, монгол хэлээр гаргахаар санаачилж санаа нийлсэн хүмүүстэйгээ хамтрав. Хажуугаар нь МҮОНТ-д Face2Face нэртэй нэвтрүүлэгт англи хэл дээр ярилцлага хийх болжээ. 

2009 он. АНУ-ын Засгийн газрын Эйзенхауэр Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Өрсөлдөөд тэнцлээ. Улс төр, эдийн засгийн чиглэлээр хоёр сар хагасын танилцах аялал, хөгжлийн хөтөлбөр. АНУ-д өнгөрүүлсэн хамгийн урт хугацаа нь. Индиана, Харвард, Стэнфорд, Колорадагийн их сургуультай хамтын ажиллагаа тогтоох асуудлыг лавшруулж судлав. Хөтөлбөрийн захирал нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Colin Luther Powell генерал.

Монголдоо буцаж ирээд долоо хонож байтал АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ. Тангараг өргөх ёслол дээр ард түмэндээ хандаж хэлэх үгийг нь орчуулах хүсэлт ирлээ. Орчуулаад өглөө. Дараа нь Ерөнхийлөгчийн туслах залгав, Төрийн тэргүүн уулзах хүсэлтэй байгааг дуулгав. Өмнө нь өөрийн мэргэжлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд ажиллаж байхдаа Ц.Элбэгдорж гэдэг хүнийг зүс мэднэ. Энэ удаад арай өөр байдлаар, Төрийн тэргүүний хувиар. Тогтсон өдөр, товлосон цагтаа очиж уулзлаа, Төрийн ордны гурван давхарт. Шинэ Ерөнхийлөгч хэлж байна, “Миний хувьд гадаад харилцаанд онцгой анхаарна. Монголын талаарх мэдээ, мэдлэгийг олон улсад түгээхэд орчуулга чухал. Протокол, орчуулга хариуцсан Шадар туслахаар ажиллах уу?” гэсэн санал тавьжээ.

Аав нь бурхан болж, тэнгэрт дэвшсэн үе. Эцгийн өмнөөс зөвлөх цорын ганц эрх ээжид ирэв. “Аав нь юу гэж хэлдэг байлаа, тэрийг сана миний охин”. Үргэлжлүүлэн хэллээ, "Сургууль соёл төгсөөд улам боловсорч байгаа байлгүй, тэрийгээ эх орондоо зориул. Хүнд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол гэр бүл, үр хүүхэд, эх орон. Мэдлэг тэлэхийн хэрээр түүнийгээ эх орондоо зориулах ёстой. Түүн шиг сайхан юм байхгүй, төрдөө зүтгэ миний охин” гэв. Хэзээний л танил байр суурь. Балчир байхаас нь урагш тэмүүлэх хүсэл, тэмүүллийг өрддөг ААВЫН НӨМӨР, ЭЭЖИЙН УХААН. Уул уурхайн салбарт жим гаргаж явсан Содонтогос төрийн албандаа эргэн ирлээ.

Төрдөө буцан ирэв. Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх бөгөөд Шадар туслахаар нь ажиллахаар болов. Мөн Зөвлөхүүдийн ажлын албаны даргын албыг давхар хашив. Дундуур нь жилийн чөлөө авч, "Ньюком"-д Б.Болд захиралтай Төв аймагт Салхин сэнсний бүтээн байгуулалтад Хамтын ажиллагаа хариуцсан захирлаар хэсэг ажиллалаа. Эзэмшсэн мэргэжил нь хаана хэрэг болно, тэнд л явлаа. Монгол Улсын Төрийн тэргүүний гадаад тавцанд хийж, хэрэгжүүлэх ажлыг нугалах ажилдаа эргэн орлоо. Хийморьтой, хурдтай, сэтгэлтэй ажиллаж байв...

No description available.

2014 оны зун. Хамгийн хүнд хэцүү цаг үе. Амьдрах утгагүй, зорилгогүй, аргагүй боллоо. Ээжийгээ л бодъё. Эдгээр үг, өгүүлбэр бүрийг бодох бүрд сэтгэл зурж, зүрх рүү шивнэ. Ганцхан ийм бодол. Бас шаналал. Тэвчихийн аргагүй өвдөлт. Ерөнхийлөгч дуудлаа, амьдралд үүссэн хар бараан, харанхуй нүхийг гэтэлж яваа хүнд даргын бус ахын хувиар зөвлөлөө. “Амьдралын урсгалаар биш сөрж амьдрах ёстой. Чиний зовлон хэнд ч, хэзээ ч бүү тохиолдоосой. Маш хүнд зовлон гэдгийг ойлгож байна. Гэхдээ чи амьд явах, утга учиртай амьдрах ёстой. АНУ-ын Мянганы сорилтын сангаас монголчуудад буцалтгүй тусламж өгөхөөр болсон. Тэр ажлыг удирдан зохион байгуулж, мөнгийг нь Монголдоо олж ир. Утга учиртай зүйлд зарцуул. Чи амьдралд эргэж ирэх ёстой” гэжээ. Тэсч, тэвчиж, давж гарна гэдэг л тэр. Гэхдээ энэ тухай дараагийн хэсэгт бичих учраас түр алгасъя. 

Тэр намар Монголын гадаад харилцаанд түүхийн нэгэн шинэ хуудас эргэлээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал ээлж дараалан тохиов. Үргэлжлүүлээд Ерөнхийлөгч Европын парламентад үг хэлсэн. Буцаад ажилдаа ирлээ. НҮБ, Давос зэргээр үргэлжлэв. Орчуулга бүрийг гардан хариуцна. Содонтогос ээж, эх орон гэдэг хоёр үгийг тарни шиг дуудан, ажилдаа бүх бодлоо, сэтгэлээ зориулж ажиллалаа. 

Компакт гэрээний суурь тавигдсан нь

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөснөөр 2015 оны гуравдугаар сараас Монголын Мянганы сорилтын сангийн үндэсний ажлын албаны даргаар ажиллахаар болж буйр сэлгэв. Мянганы сорилтын сангийн Компакт гэрээний суурийг “цутгаж” эхлэв.  Дүн нь одоогийнх шиг 350 сая ам.доллар биш, 250 орчим. Судалгааны бүх ажлыг хийж АНУ-ын Конгрессээр батлуулах үүрэг Содонтогосын нуруун дээр ирэв. Үндэслэл, үр ашиг, зарцуулалтаа бүгдийг нь баримт, судалгаа, нотолгоонд тулгуурлаж тайлагнах учиртай. Америкуудтай гурван жилийн турш ажиллалаа.

Яагаад заавал усны салбар гэдгийг ухаж судалж, ойлгож, ойлгуулсаар МСК Монголын Компактыг АНУ-ын Конгрессээр батлуулав. Тэгэх явцдаа 250-ыг 350 болгож 100 сая ам.долларыг нэмж төсөвлүүлэв. 350-иасаа гадна ТЭЗҮ-ийг хийх 10 сая ам.долларыг гаргуулж, бүх ажил жин тан болох нь тэр. 2018 онд Ерөнхий сайдын албатай явсан У.Хүрэлсүхийн АНУ-д хийсэн айлчлалын хүрээнд Компакт гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулав. Ямар ч байсан гэрээ хэлэлцээ хийж, Компакт гэрээгээ батлуулчихлаа, одоо миний хийх юм дууссан гэтэл Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил дахин сэдэл өгчээ. Хажууд нь илүү дутуу авиа гаргахаас ч эмээмээр тийм л хатуу зарчим, өндөр шаардлага, босготой хүн. Гадаад харилцаа, улс төрийн өрөг дээр мэдлэгээрээ бүх юмыг удирдан зохион байгуулдаг автор. Мэдлэг, ухамсар, чадлаараа, хамгийн гол нь Монголоо гэсэн сэтгэлийн өгөгдөл нь тийм нэгэн гэмээр. Ц.Мөнх-Оргилыг сайд байх үед уулзах үеэр үүнийг нь Содонтогос анзаарсан гэдэг. Кумар Ранганатан гээд Мянганы сорилтын сангийн дэлхий даяарх усны асуудлыг хариуцсан захирал бий. Түүнтэй Ц.Мөнх-Оргил сайд уулзжээ. Төв цэвэрлэх байгууламжийн инженер, Ус сувгийн дарга биш атлаа Кумар захиралд тавьсан асуулт, Монголд ирэх эрсдэл, давуу тал, өртөг зардлыг маш нарийн тооцоо судалгаатай ярьжээ. Ц.Мөнх-Оргил сайдын өөрийн улсын жаргал, зовлонг гаднынханд ойлгуулж буй байдал, төрийн хүний зангараг гайхамшигтай санагджээ. 

No description available.

Тэгэхэд “Энэ хэцүү Компакт гэрээг байгуулахад анхнаас нь чи байсан. Цаг хугацаа, ажлын залгамж холбоо зэргээ бодвол чи ажлаа үргэлжлүүлэн хийх хэрэгтэй” гэв. Захирлыг нь өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар сонгодог, томилдоггүй” гэтэл “Өрсөлдөөд үз. Мэдэж байгаа хүн гүйцэтгэж, хэрэгжүүлбэл улсад хэрэгтэй л юм” гэжээ. Сонгон шалгаруулалтад оролцлоо, гараад ирлээ. Ингэснээр 2019 оноос Монголын мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлын албыг өнөөг хүртэл хашиж байна. 

Тэмээ хариулсан хүн буурынхаа занг мэднэ гэгчээр анхнаасаа америкуудтай харьцаад сурчихсан Содонтогост гадаад харилцаа тийм ч хол хөндий байсангүй. Яаж хэлэлцээ, мэтгэлцээн хийх, өөрийнхөө асуудлыг хэрхэн шийдүүлэх? зэргийг сайн мэднэ. Компакт гэрээний үндсэн зорилго нь Монголын төлөө монголчууд өөрсдөө бүх дүрэм журмын дагуу ажиллах. Америкууд хатуу хязгаарлалт, дүрэм, журамтай. Зарим тохиолдолд Монголын хууль, эрх зүйн байдалтай нийцэхгүй. Хэтэрхий хатуудах нь ч байна. Монгол хөгжиж байгаа орон. Харин АНУ үсрэнгүй хөгжилтэй. Бодлого, зорилт, хэрэгслүүд нь өөр. Тэдгээрийг ойлгуулахын тулд олон арван яриа хэлэлцээ хийж, ширээний ард суух шаардлагатай. Судалгаа хийж эхлэхээсээ америкуудтай ойлголцож явсан болохоор өнөөг хүртэл Компакт гэрээ бүтээлч байдлаар үр дүнтэй хэрэгжиж байна. Тэглээ гээд тайвшрах болоогүй. Мянганы сорилтын сан хэмээх нэр шигээ 1000 сорилтын хөндий гэмээр газар тэрбээр бүтээн байгуулалтаа эхлүүлээд ид ажиллаж байна. Ажил дөнгөж эхэлж байна. Тэр дөрвөн жилийн хугацаанд хоёр үйлдвэр байгуулах ёстой. Амаргүй даваа.

С.Гандөл

Үргэлжлэл бий.