С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Алтан аргамжийн НЭРИЙН ХУУДАС-1
Хайрлагдах гэж ирсэн НАНДИН НЭГЭН
Тэр багаасаа үлгэр туульст шимтдэг охин байв. Гайхамшиг байдагт итгэнэ. Найман хүүхэдтэй айлын зургаа дахь нь. Дээрээ нэг эгч, дөрвөн ах, хоёр дүүтэй. Аргагүй л хүсч хүлээж ирсэн үр, охин, дүү нь болохоор бүгдэд хайрлагдах гэж ирсэн мэт. Ууган охиндоо Сонинтогос, удаах хүүдээ Сонинбаяр нэрийг хайрлав. Гурав дахиас нь охин төрвөл Содонтогос хэмээн нэрийдэхээр төлөвлөж, бүр нандигнан хадгаллаа. Анхны охиноосоо хойш дөрвөн нуган үртэй болов. Хүлээгээд л байв. Тэгж явсаар охин төрсөн нь Содонтогос. Хүсэж, хүлээсэн охин үр нь төрсөн болохоор түүний аав Эрдэнэцогт том охиныхоо хичээлээс чөлөө авч “Миний охин хань болох эмэгтэй дүүтэй боллоо” гэж хэлээд бүтэн өдөржин гадуур дагуулан явж, баярлуулсан байна. Содонтогос тэгж л гэртээ гэрэл нэмж, баяр баясгалан болсон охин нь болж иржээ. Тэр үеэс хойш Эрдэнэцогт хэмээх айл хоёр охиноор бүл нэмж, дөрвөн хүү, дөрвөн охинтой өнөр бүл болсон гэдэг. Хүйсийн харьцаа эн тэнцүүгээс гадна энэ айлын уур амьсгал бүхэлдээ инээд баясал, хамгийн гол нь хайр энэрэл дунд өнгөрч, өрнөжээ. Эцэг, эх хоёрынх нь бүтээсэн ертөнцийн бүрэн зураглалыг үгээр илэрхийлж болох хамгийн энгийн тайлбар, тайлал нь энэ.
1964 онд болсон МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлаар аав Эрдэнэцогтыг улс төрийн хилс хэрэгт хамаатуулж, хөдөө нутаг заан суулгаж, бага цалинтай ажил эрхлүүлэн, явах гишгэх, ярих хэлэхийг нь хүртэл цагдлаа. Уг нь Эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга, Сэлэнгэ аймгийн Намын хорооны дарга зэрэг томоохон албан тушаал хашиж байгаад хойно сургуульд суралцаж явахдаа тухайн үеийн үзэл суртлаас арай өөр хандлагатай Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нартай нэгдсэн нь ад үзэгдэх шалтгаан болсон байна. Том эгч, хоёр ах нь төрчихсөн байсан үе. Ээж нь ангийн багш. Өдгөө гавьяат багш. Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, дууны шүлгийн нэрт мастер Загдын Түмэнжаргал шавь нь. Тэрбээр
Ганцхан миний ээжийнх гэмээр
Халамж дүүрэн сэтгэлтэй та
Гарцаагүй үрийн ачлал гэмээр
Халуун дотно хайртай би хэмээх шүлгээ ээжид нь зориулж тэрлэжээ. Хожим Монголын хөгжмийн зохиолын ноён оргил, Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсан хөг ая тааруулж, “Багш Та” нэртэй дуу болон олон нийтийн ой тоонд хадагдсан түүхтэй. Үзэл суртлын хэрэгт буруутгагдаж, нутаг заалгаад хүнд хэцүү амьдралын нугачаанд хэдэн хүүхдээ хүний дайтай өгсөх гэж хэрэндээ хичээх амаргүй цаг үетэй түүний эцэг, эх ийн туллаа. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр таньдаг нэгнээ түшээд очиход ажилд авахгүй. Өрхийн тэргүүн ажилгүй байж болохгүй. Үүрэг хариуцлага үүрч байгаа бол түүнийгээ хүлээх л учиртай. Адаглаад ард нь байгаа үр хүүхэд, хань ижлээ хоолтой, хүний дайтай авч явах ёстой. Аргагүйн эрхэнд МУИС-ийн англи хэлний ангид эчнээгээр сурч, төгсөөд орчуулга хийх болов. АНУ-аас ан хийх сонирхолтой хүмүүс ирнэ. Тэднийг дагуулаад хөдөө орон нутгаар орчуулга хийж явна. Ихэнхдээ Алтай Таван богд руу газарчилна. Жил бүр ирнэ, тэгэхдээ хүүхдийн голдуу үлгэрийн ном авчирна, тэрийгээ гэртээ авчирна. Ээж нь багш учраас хүүхдүүдээ багаас нь үсэг нүдлүүж, бичгийн эрдэмд сургалаа.
Содонтогос таван настайдаа Монголын Үнэн сонинг гарчиглаад сурчихсан байсан нь үүний илрэл. Аав нь ажлаасаа ирэхдээ англи хэл дээр бичсэн үлгэрийн ном сугавчлаад ирнэ. Уншиж дадсан үсэгнээс нь тэс өөр, аманд эвлэж өгөхгүй. Монгол хэл биш гэдгийг нь балчир охин гадарлах ч зурагнууд нь сонирхол төрүүлнэ. Энэ үед аав нь англи, орос хэлний талаарх ойлголтыг хүүхдүүддээ тайлбарлана, зах зухаас нь зааж, чиглүүлнэ. Ингэж явсаар нэг мэдэхэд сургуульд орох боллоо. Хоёр дүүгийнх нь хамт Орос 14 дүгээр сургуульд оруулав. Уг нь эхэндээ Орос Нэгдүгээр сургуульд сурч байв. Хамгийн анхны орос сургууль, найман жилийн сургалттай. Гуравдугаар сургуульд Элчин сайдын яамныхан сурна. 14 бол бүхэлдээ инженер, ажилтнуудынх. Орос найм нь дандаа цэргийнхэн. Хожим буюу зургаадугаар ангиа төгсөөд 14 рүү шилжсэн хэрэг.
Хүсэл тэмүүллийг нь асаадаг Эцгийн хайр
Дөрөвдүгээр ангиасаа гадаад хэл сонгоно. Англи хэлийг сонгочихлоо. Насны багад аавынхаа ярьж өгснөөр шимтэж, дурласан хэл шүү дээ. Аавдаа магтуулах гэж цээжилдэг байсан англи текст бүхий дурсамж бүхэн үүгээр нь хөглөгдөнө. “This is a rose” зэрэг энгийн текстийг шүлэг уншиж байгаа юм шиг цээжилнэ. Өдөр бүр. Тэр бүгдэд аав нь урам өгнө. “Миний охин ямар сайн ойтой, гоё дуудлагатай юм бэ?” гэнэ. Дуудлага мэдэхгүй охиныхоо хүсэл тэмүүллийг дэмжиж, урамшуулж буй эцгийн хайр. Охин аавдаа улам магтуулах гэнэ. Өнөөдөр хоёрыг цээжилсэн бол маргааш гурав, нөгөөдөр дөрөв гэсээр үргэжилнэ. Амьхандаа аавдаа магтуулах гэсэн бяцхан охины хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэл. Тэгж явсаар нэг мэдэхэд англи хэлэнд эргэлт буцалтгүй дурлалаа. 14 рүү шилжсэний дараа Орос сургуулиудын дунд зохион байгуулдаг англи хэлний олимпиад болов. Наймдугаар ангидаа хоёрдугаар байранд орж, аман хүзүүдэв. Ахлах ангидаа ороод тэргүүн байрт орох нь тэр. Гуравдугаар сургуулийнхан нь Монголдоо лут дипломатын хүүхдүүд, багаасаа өгөгдөлтэй, орчин нь ч нөлөөлнө. Дийлэнх нь АНУ-д сурсан учраас англиар чөлөөтэй ярина. Харин Содонтогос англи хэлийг сурах бичгээр сурсан хэсгийн төлөөлөл. Тэдгээрийг хараад бахархал төрнө. Битүүхэндээ цагаахан атаархана. Гэхдээ л үе тэнгийнхнээсээ үлгэр дуураалил авч, өөрийгөө улам хурцлах ёстойг ойлгож байгаа нь тэр.
1990 онд 10-аа төгсөх жил Орос хэлний дээд сургууль нэрээ өөрчилж Гадаад хэлнийх болжээ. Консурсээ өгч тэнцсэнээр хувиараа авлаа. Сургуулийнх нь захирлын зүгээс хэзээний танил Содонтогосын талаар Эрдэнэцогтод “Танай охин англи хэлний орчуулга хийдгийг мэднэ. Хятад хэлийг сонговол яадаг бол” хэмээн зөвлөсөн байна. Гэвч “Юмыг сурвал сурсан шиг сурах ёстой. Онолын төвшинд англи хэлийг суръя. Тэрийгээ л авъя” гэх агуулгаар аав нь охинтойгоо зөвлөснөөр үндсэн сонголтоо хийжээ. Англи хэлийг ахьсан төвшинд бүр унаган болгож эзэмших Содонтогосын тэмүүлэл орчуулагч Х.Мэргэн дээр очих үеэс өдөлсөн байдаг.
Нэрт дуун хөврүүлэгч Х.Мэргэн Зохиолчдын товчоонд ажиллана. Орос, Англиас орчуулснаа бариад очиж, үзүүлнэ, хянуулна. Улаан эрээн болгоод буцааж өгнө. Мэдээж удаан уулзахгүй. Үсрээд 30-45 минут орчим. Хэдий хугацаа нь бага ч хэл сурах сонирхолтой залуу үеийг дэмжиж, дээш гаргахыг гол зарчмаа болгох сэхээтэн хүний идеал. “Би завгүй ээ” гээд гэдийсэн бол хэл сурах ид хүсэлтэй охины мөрөөдөл тэрхэн агшинд унтрах байсныг ч үгүйсгэхгүй. Орчуулагч болно, гэхдээ Х.Мэргэн ах шиг л болох ёстой. Тэр дундаа утга зохиолын. Монгол, Оросын утга зохиолыг англи руу орчуулах чин хүсэл, эрмэлзэл. 10 жилдээ олдсон ном болгоныг уншина, ихэвчлэн английн утга зохиол. Ном ховор.
Зургаадугаар ангиасаа Хүүхдийн ордны дэргэдэх англи хэлний дугуйланд явна. Гаднын зочид, төлөөлөгч ирэхээр Монголын хүүхдийн ордон болон байгууллагын танилцуулгыг хийнэ. Социалист харилцаатай орны төр, засгийн тэргүүнүүд ирнэ. БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен ирэхэд хүртэл хүүхдийн байгууллагатай холбоотой гол танилцуулгыг Содонтогос нугалжээ. Энэ талаарх баримтат кино Монголын үндэсний олон нийтийн телезизийн “Алтан сан” хөмрөгт одоо ч хадгалаатай бий. Хүүхдийн ордны Бүлгэмийн зөвлөлийн даргын албатай. Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Телевиз хариуцсан дэд ерөнхийлөгч Ө.Отгонбаатар түүнд рапорт өгнө, дөрөвдүгээр ангийн хүүхэд.
Нэг үгээр тэр багаасаа хүмүүсийн хооронд нь холбох гүүр болжээ. Дунд ангид байхад хүйтэн дайны он жилүүдэд Орос, Америкийн хооронд энхийн элч болж байсан бяцхан охин Саманта Смит тухайн үеийн ЗХУ-ын удирдагч Михаил Сергеевич Горбачёвын урилгаар тус улсад айлчилсан нь хүртэл сонирхол татна. Африкийн орны хүүхдүүдийн амьдралыг харуулсан баримт, мэдээллийг бүхий ном уншаад сэтгэл хөндүүрлэнэ, дөнгөж дунд ангийн сурагч охин шүү дээ. Тэгэхэд бид яаж амьдарч байна вэ? зэргээр харьцуулна. Ухамсарт амьдралаа энх тайвны үйлст хувь нэмрээ оруулахад зориулах тухай бодол дунд ангийн сурагч Содонтогосын тархинд хэдийнэ сийлэгдэж эхэлжээ. Тэгэхийн тулд мэдээж англи хэлийг сурах ёстой, мэргэжлийн төвшинд.
Том болохын хэрээр бодол нь хувьсаж утга зохиолын орчуулагч болох дэврүүн хүсэл илүү хөтөллөө. Мэдээж түүгээрээ дамжуулж дэлхийд Монголыг таниулах гэсэн санаа нь. Их сургуульд орсны дараа хүргэн ах буюу Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, нэрт сэтгүүлч, нийтлэлч С.Жамбалдорж МУИС-ийн сэтгүүлзүйн ангид багшилдаг байжээ. Тухайн үед АНУ-аас мундаг улстөрч, сэтгүүлчид үе үехэн Монголд ирж, МУИС-ийн англи хэл болон сэтгүүлзүйн ангийн оюутнуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулдаг байв. Тэгэхэд Содонтогосыг уулзалт болгонд нь орж суухыг хүргэн ах нь санал болгожээ. Нэг удаа НҮБ-ын Хүн амын Суурин төлөөлөгчийн газрыг Монголд байгуулахаар уулзалт хийх үеэр АНУ-ын доктор ирсэн байна. Хүргэн ах С.Жамбалдорж эл доктортой уулзахад Содонтогос орчуулгыг нь эхлэхээс дуусах хүртэл яг цав хариуцлаа. Доктор “Хаана сурч, ажилладаг юм” гэсээр шалгаажээ. Хариуд нь ажилладаггүй, сурдаг, удахгүй дөрөвдүгээр курст орно гэдгээ учирлатал манайд орчуулагч хэрэгтэй гэжээ. Оюутан учраас ажиллаж болохгүй гэхэд сургуулийн удирдлагуудтай нь яриад өгье гэсэн байна.
Эмч болсон нь...
Чингээд гуравдугаар курсээ төгсдөг жил Эрүүл мэндийн яамны дэргэдэх НҮБ-ын Хүн амын сангийн Эх хүүхдийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт төслийн орчуулагчаар ажиллалаа. Гэсэн ч сургуулиа орхигдуулсангүй. Шалгалт, бие даалт зэргээ хийж явсаар улаан дипломтой төгсөв. Гагцхүү НҮБ-ын төслийн багт орж ажилласнаараа англи хэл гэж юу байдгийг бодит утгаар нь мэдэрч, ойлгосон гэдэг. Эх хүүхдийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт гэдэг нь өөрөө хамрах хүрээ нь том сэдэв. Жирэмсний хүндрэл, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, эх барих шинжлэх ухааныг судлах зайлшгүй шаардлагатай нүүр тулна. Шинжлэх ухаантай холбоотой бүх сурах бичгийг орчуулж, Монголын анагаах ухаанд нутагшуулна. Б.Жав, Б.Үйлст тэргүүтэй олон эмч нартай хамтарч эх барих сурах бичгүүдийг орчуулах ажилд оров. Бараг эмч болох хэмжээнд судалж, орчуулга хийлээ.
Өөрөөр хэлбэл, англи хэлийг мэргэжлийн төвшинд дахин сурсан үе нь тухайн нэг жилийн хугацаа байжээ. Анагаахын шинжлэх ухааныг бүхэлд нь судлахаас өөр аргагүй. 1993 он юм. Сүүлдээ Б.Жав гуай нэгэнт энэ салбарыг нэгд нэгэнгүй судалчихсан юм чинь Анагаахад орж эмч бол хэмээн санал болгосон гэдэг. Хувь хүнийх нь дотоод сэтгэлд утга зохиолын орчуулга хийх том зорилго байгаа учраас шуудхан татгалзсан хариу өгөв.
Зах зээлийн нийгэмд шилжсэн хүндхэн үед олонхи оюутны сургалтын төлбөрийг байгууллагууд өөрийн нэр дээр төлнө. Энэ хүрээнд Содонтогосын төлбөрийг Д.Энхбатын үүсгэн байгуулсан “Датаком” хариуцжээ. Цаашдаа байгууллагадаа ажиллуулах сонирхолтой. Зуны амралтаа “Датаком”-д дадлага хийнэ. Өвөл нь ч очиж ажиллана. Тэгж явсаар Д.Энхбат захирал Монголд интернэтийг оруулж ирлээ. Бүх протокол англи дээр. Судална, хажуугаар нь компьютерийн шинжлэх ухаан, программ хангамжийг мэдэх хэрэгтэй. Орчуулга хийнэ. Одоо бурхан болсон Наранцэцэг хэмээх мундаг инженертэй хамтарч хэлний тал дээр орчуулга, судалгаа хийлээ.
Сургуулиа төгссөний дараа Д.Энхбат захирал дээр очиж “IT-гийн хүн болж чадахгүй. Дэндүү явцуу, амьдралынхаа сонголтыг хийх гэж байгаа болохоор Та зөвшөөрөх үү?. Олон улсын улс төр, эдийн засгийн чиглэлээр явах сонирхолтой байна. Улс орны хөгжил ч тийшээ явж байна. Хэлтэй хүмүүс тэр салбарт хэрэгтэй байгаа” гэжээ. Хариуд нь “Чи амьдралаа өөрөө шийднэ. Дөрвөн жил сайхан хамтарч ажиллаа” хэмээгээд амжилт хүсчээ.
Улмаар сургалтын төлбөрийг нь төлсөн мөртлөө АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагт орж ажиллахыг нь шууд зөвшөөрчээ. Д.Энхбат захирлын хэлсэн эдгээр үгс сурч боловсрох замаар өөрийгөө илүү хөгжүүлэх, цаашлаад улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой Содонтогост ташуур болжээ. Ийнхүү олон улсын байгууллагад ажиллаж байтал Д.Энхбат захирал нэг өдөр утас цохиж, Монголын интернэтийн компанид сонсголонтой, утга агуулгатай нэр бодооч хэмээжээ. Нэг ёсондоо үүрэг өгч, даалгасан хэрэг. Ганц товчлуур дарахад дэлхийн нөгөө өнцөгт байгаа хүнтэй бодит цаг хугацаанд шууд холбогдох нь Содонтогост ид шид шиг л санагдав. Ингээд MAGIC гэдэг үг толгойд нь бууж, түүнийгээ задлахаар Mongolian Access to Global Information and Communications буюу Дэлхий нийтийн мэдээлэл харилцаанд хүрэх Монголын гарц хэмээн дүйжээ. Magicnet гэдгийн агуулга ингэж төржээ.
Ийнхүү дараагийн зорилгоо биелүүлэхээр ажиллаж атал Ерөнхий сайд М.Энхсайханы Ажлын албаны дэргэд Эдийн засгийн бодлогыг дэмжих томоохон төсөл хэрэгжүүлэхээр болов. Түүнд нь орчуулагчаар очлоо. Олон сэтгүүлч, улстөрчдийг АНУ-д эдийн засгийн сургалтад суулгаж, тэрийгээ Монголын хөрсөн дээр буулгах зорилготой. Энэ үеэс эдийн засгийн шинжлэх ухааныг асар ихээр шимтэж эхэлжээ. Онолыг нь мэдэхгүй байж зөв зохистой, оновчтой, бүрэн дүүрэн орчуулна гэж үгүй. Тиймээс Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Банк зээлийн эдийн засгийн ангид суралцлаа. Тэгж байж эдийн засгийг ойлгоно. Эрэлт, нийлүүлэлтээ гадарлана. Сургуулиа ч төгслөө, эдийн засагтай холбоотой олон улсын хурал, зөвлөлгөөнийг бусдад гологдохгүйдээ бус өөртөө итгэлтэйгээр орчуулга хийж эхэллээ. Сонсож байгаа хүмүүс нь ч сэтгэл ханамжтай үлдэнэ. Тэгэхгүйгээр А-г А, Б-г Б гэж орчуулбал хүнд хүрэхгүй. Ар талын ухагдахуун, шинжлэх ухааныг нь судалж байж бүрэн дүүрэн ойлголттой, хамгийн гол нь өөртөө итгэлтэйгээр орчуулна, хэн хэндээ хэрэгтэй.
Энгийнээр хэлбэл, олон улсын хурал, хэлэлцүүлгийг ямар ч төвшинд орчуулахад тэр хэдийнэ өөрийгөө бэлтгэжээ. IT, анагаах ухаан, эдийн засаг, техникийн чиглэлээр. Тэгж явтал Ерөнхий сайд Н.Энхбаярын Засгийн газар бүрдлээ. Эрчим хүчний салбарын либералчлалын тухай хэлэлцүүлэгт орчуулга хийв.
Л.Эрдэнчулуун сайдын ЛҮНДЭН
Орчуулгыг нь сонсож суусан Гадаад харилцааны сайд Л.Эрдэнэчулуун завсарлагаанаар ирж, “Чи хаана ажилладаг хүүхэд вэ?” гэж байна. Энэ төсөл дээр ажилладаг хүн байна аа л гэв. “Цалин хэд вэ?” гэсээр сөргүүлэв. 1200 ам.доллар л гэлээ. Сайд хэсэг бодлогошрон зогсосноо “Би чамд 50 мянган төгрөгийг цалин өгье. Төрийн гурван өндөрлөг гэж хүмүүс Монгол Улсад бий. Энэ хүмүүст орчуулга хийх хүнгүй болчихлоо. Надтай ирж уулзаарай. Эзэшмсэн хэлээрээ мөнгө хөөхөөс илүүтэй улс эх орондоо зарцуул. Эх орон чинь чамайг сургасан юм байгаа биз дээ?. Тийм учраас сурснаа улсдаа зарцуул. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын гадаад айлчлалд орчуулагчгүй болчихоод байна” хэмээн лүндэн буулгалаа.
Тухайн үедээ тоймтой хариу өгөөгүй ч гэртээ ирээд аавтайгаа зөвлөлдөв. Л.Эрдэнэчулуун сайдын хэлсэн үгийг учирлалаа. Охиныхоо үгийг сонсож суусан аав нь “Яг л чиний хүсч байсан зүйл чинь байна. Хүнд, улсдаа хэрэгтэй юм хийх багын зорилго чинь байна. Чамд өнөөдрийн 1200 ам.доллар хэрэгтэй юу? Улс орондоо энэ дайны тус хүргэх нь дээр үү?” гэсэн байна. Түүний аав Эрдэнэцогт хэзээнээсээ л охиндоо эрх чөлөөг нь олгодог нэгэн. Шийдвэрээ өөрөө гарга, тэр бүгдийг нь дэмжинэ гэсэн байр сууриас хандана. Багын аавдаа магтуулах дуртай охин дараагийн алхмаа шууд сонголоо.
Үргэлжлэл бий.
С.Гандөл