С.Энхболд: Гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг эрчимтэй явуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /Ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Төслийн хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан, эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн "Ковид-19"-ийн эсрэг вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх юм байна. Зээлийн 50 хүртэл хувиар нь БНХАУ-ын "Вероселл" вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлнэ. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна.

Үүнтэй холбогдуулж, Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Вакцины төлөвлөлтийг эрүүл мэндийн яам мэргэжлийн байгууллагууд хамтран гаргадаг. Хоёр тун вакцин хийхэд дөрвөн сая нэг зуун гучин мянган тун шаардлагатай. 17 наснаас доош 1.3 сая хүүхэд байдаг. Өнөөдрийн байдлаар 7.3 сая тун вакцины татан авалт хийсэн. Нөөцөд 1.7 сая тун "Pfizer", 890 мянган тун Вероселл вакцин байгаа. Журмын дагуу шаардлага хангасан вакцины агуулахад хадгалж байна. Эмийн хувьд өөрийн улсын эмнэлзүйн багаар давхар хэлэлцүүлж оношилгоо эмчилгээний удирдамжаа гаргадаг. Гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг эрчимтэй явуулна. Дөрөвдүгээр улиралд ирэх нэг сая гаруй тун вакциныг ирэх оны нэгдүгээр улиралд хүлээн авах хүсэлтээ өгөөд байна" гэдгийг хэллээ.