Н.Алтанхуяг: С.Бямбацогт даргалснаас хойш би итгэхээ байсан

Хууль зүйн байнгын хорооноос Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулах үеэр нэр дэвшигчидтэй холбоотой асуудал маргаан дагуулав. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зүгээс "24 гишүүн нэр дэвшсэн байхад яагаад тавыг оруулж ирж байгаа юм бэ. Ямар шалгуураар оруулж ирсэн нь сонирхол татаж байна. Уг нь долоог оруулж ир гэсэн юм. Гэтэл тэнцэхгүй байна гэсээр тавыг мухарлаад оруулаад ирсэн байна. Би ажлын хэсэгт итгэхгүй байна. Хүний эрхийн комиссын гишүүдийг гаргаснаас хойш надад эргэлзээ төрөөд байгаа юм. УИХ-ын гишүүний эрхийг бид ажлын хэсэгт шилжүүлж болж байгаа юм уу. Үүнийг С.Бямбацогт ахалж болж байгаа юм уу. Ашиг сонирхлын зөрчил гэж харж байна. С.Бямбацогтоор даргалуулснаас хойш би итгэхээ байсан. Наадах чинь худлаа жонхуу болно. Жонхуу болсон нь Д.Эрдэнэчулуунаар илэрч байна. Х.Нямбаатартай таардаггүй ч үүн дээр санал нийлж байна. Насаараа захиргааны ажил хийсэн хүнийг шүүхийн байгууллагад оруулж ирэхдээ яадаг юм бэ. Нэг хүнд зориулаад, хууль өөрчилчихсөн юм байна шүү дээ, Ж.Сүхбаатар аа. Бид ийм амьгүй гишүүд байж болохгүй" гэдгийг сануулсан юм.

Харин "Томилгооны сонсголоор нэр дэвшигчдийн намтар, түүх, ажлын туршлага, мэдлэг боловсрол гэсэн асуулт асууж, нээлттэй хэлэлцдэг. Үүний дараа Байнгын хорооны хуралдаанаар Ажлын хэсгээс оруулж ирсэн хүмүүс нь сайн, муу байсан эсэхийг хэлэлцэнэ. Олонхын саналаар таван хүн оруулж ирсэн. Байнгын хорооны гишүүд эдгээр таван хүнийг дэмжихгүй ч байж болно" гэдгийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэллээ.