С.Чинзориг гишүүний зөв. Гэхдээ...

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарыг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Н.Отгончимэг, Н.Мөнгөнцэцэг, Р.Онончимэг, Н.Баасанжав, Д.Эрдэнэчимэг нарыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Энэ үеэр нэр бүхий гишүүдийн зүгээс нэр дэвшигчидтэй холбоотой зарим зүйлийг тодруулсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг "Ажлын хэсэг яагаад УИХ-ын гишүүдэд сонголт хийх боломж гаргасангүй вэ. Тулгаад таван хүн оруулаад ирэх юм. Ажлын хэсгээс сонгон шалгаруулаад ирсэн таван хүнийг бид мэдэхгүй, танихгүй учраас дэмжиж таарах нь. Болдог бол 6-7 хүн оруулж ирснийг хэлэлцээд, шигших тийм боломж олгосонгүй. Гишүүдэд сонголт хийх боломж алга. Дүрэм журамдаа заавал таван хүн оруулж ирнэ гэж заасан юм уу?" гэдгийг тодруулсан юм. Хариуд нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариулт өгсөн. Түүний хувьд Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн ахлагчаар ажилласан. 

"Тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 онд хийсэн. “ШЕЗ-ийн гишүүдийн тавыг шүүгч дотроос сонгож, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалт хийж томилно” гэсэн чухал заалт оруулсан. Шүүхийн тухай хуульд нэр дэвшүүлэх, сонгох, томилох ажиллагааг тодорхой заасан. Энэ хүрээнд өнгөрсөн гуравдугаар сард ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг сонгох журмыг баталсан. Өмнө нь дарга нар УИХ-д хүнээ санал болгож томилуулдаг байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шаардлага хангасан иргэд нэрээ дэвшүүлэх эрх нь нээгдсэн. 31 нэр дэвшигчээс 24 нэр дэвшигч сонгон шалгаруулалтад орсон.

Сонгон шалгаруулах ажлын хэсэг 11 хүний бүрэлдэхүүнтэй. Хуулиараа сул орон тоо болон сул орон тоон дээр нэмэх нь хоёр хүнийг Байнгын хороон дээр санал болгох ёстой. Ажлын хэсэг долоон хүн оруулж ирэх бололцоо байсан. Гэвч зургаан хүн олонхын санал авсан. Байнгын хороон дээр нэг нэр дэвшигч олонхын санал авч чадаагүй. Хуульд заасны дагуу УИХ-ын чуулганд сул орон тооны тоогоор оруулах ёстой учраас Байнгын хороо таван нэр дэвшигчийг оруулсан. Олонхын санал авахгүй бол томилогдохгүй. Таван нэр дэвшигч олонхын санал авч чадахгүй бол Байнгын хороон дээр үлдсэн нэр дэвшигчийг дахин оруулж ирэх боломжтой. Дахин сонгон шалгаруулах ажиллагаа явуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдэд нэр дэвшигчдийг томилох эсэх бүрэн эрх нь бий" гэлээ.