Ж.Ганбаатар: Төр хэтэрхий данхайсан байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Улмаар шаардлагатай болон гишүүдийн зүгээс ирүүлсэн саналыг харгалзан боловсруулах чиглэл өгөхөөр болов.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Яамныхан нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. БНСУ яагаад гадаадаас ажиллах хүч авдаг вэ? Ганцхан Монголоос биш. Экспортод гаргах бүтээгдэхүүний өртгийг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх гэж байгаа. Бид үүнийг ерөөсөө хардаггүй. Өнөөдрийн энэ ярьж байгаа асуудал зөвхөн нийгмийн бодлогын асуудал биш. Яаж өрсөлдөх чадвартай байх вэ, экспортод гаргах бүтээгдэхүүнийг хэрхэн дэмжих вэ гэдгийг ярих ёстой.

Манай улс ажиллах хүчний хомсдолд гүн орсон. Гэхдээ зөвхөн халамжаас болсон гэж бодохгүй байна. Харин ажлын байрны олдоц нэмэгдсэн хоёр, гурван шалтгаан бий. Шалтгаануудыг олж харна биз. Төр хэтэрхий данхайсан, төрийн бодлого дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нэмэгдсэн зэрэг ч нөлөөлж байгаа. 

30 мянган ажилтан авч байхад цугласан мөнгө нь 30 орчим тэрбум төгрөг болохоор байна. Энэ мөнгөөр юу хийдэг вэ? Хуулиар бол гадаад ажилтныг орлох Монгол ажилтны ур чадварыг нэмэгдүүлэх ёстой гэж ойлгож байгаа. Хариултуудаас үзэхэд энэ мөнгө өөр тийшээ ордог юм шиг санагдаж байна" гэдгийг тодруулав. 

Түүний эл асуултад "Гадаадаас ажиллах хүч авах нь тийм муу асуудал биш. 2012 он эдийн засгийн өсөлтийн оргил үе байсан. Тухайн үед 30 мянган ажилтан манай улсад ажил хөдөлмөр эрхэлж байсан бол одоо 6,045 гадаад ажилтан л байна. Ирэх оны хувьд төсвийг бүтээн байгуулалтын жил байна гээд батлуулсан. 500 орчим хөрөнгө оруулалтын төсөв арга хэмжээ батлагдсан. Ажиллах хүч мэдээж шаардлагатай. Гаднаас ажиллах хүч авахаас өөр аргагүй. Гэхдээ дотоодоос авах боломжийг нээлттэй байлгана. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө ирэх онд 100 хувь энэ чиглэлд зарцуулагдана" гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэллээ.