М.Оюунчимэг: Ерөнхийлөгч хориг тавьснаар залруулах боломжтой

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Богд Зонхова" цогцолборын талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр "Тойрогтой холбоотой хөрөнгө оруулалтыг хэлэлцэх үе энэ асуудлыг яриагүй. Гурван гишүүн ямар салбарт хаана, юу хийх нь чухал байна гэдэг саналаа зургаадугаар сард өгчихсөн. Үүнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эмнэлэг барих, гэр хорооллын дэд бүтэц байгуулах, модон жорлонг халах зэрэг томоохон хэмжээний цаг үеийн нэн шаардлагатай төслүүд багтана. 32 тэрбум төгрөгийн асуудал Боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороонд задаргааг ярьсан байх учиртай. Тухайн Байнгын хороонд хариуцсан салбарынхаа сайдын багцыг ярьдаг. Энэ асуудлыг салбарын болон төсвийн байнгын хорооноос тодруулах хэрэгтэй. Энэ цаг үед тийм их мөнгөөр хөшөө барих асуудал байж болохгүй. Ч.Номин зарцуулахгүй гэж хэлж байгаа ч төслийн хуулиар шийдчихсэн үед сүүлд нь ингэж шуугихаар мэдээлэл хийж болохгүй. Хариуцлагатай байх хэрэгтэй. Ерөнхийлөгч хориг тавьж байж залруулах боломж бий" гэв.