Б.Батцэцэг: 806 дипломат албан паспортыг хүчингүй болгосон

Дипломат албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг шинэчлэн баталж, хэрэгжүүлж буй хүрээнд талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тайлбар мэдээлэл өгчээ.  

Тэрбээр "Шинэчилсэн журмаар хариуцлагыг нэмэгдүүлэх, олгох шалгуурыг өндөрсгөж, паспортын хадгалалт, ашиглалтад онцгой анхаарч олон зохицуулалт тусгасныг мөрдөн ажиллаж байна. Зөвхөн албан ажлын шугамаар дипломат паспорттой зорчих, энэ тухай нотлох баримтыг Монголын болон гадаад улсын хилийн боомтод шалгуулах, паспорт эзэмшигч албан хаагч томилолтоор ажиллаж, хилээр орж ирэхдээ хилийн боомтод паспортыг хураан авч, Гадаад харилцааны яаманд ирүүлж байхаар тусгасныг хэрэгжүүлж байна.

Хураан авсан паспортыг тусгай журмын дагуу хадгалж байгаа юм. Түүнчлэн паспорт эзэмшигч төрийн албан хаагч томилолтоор ажиллах тухай бүрд харьяа байгууллагын хүсэлтийг үндэслэж Гадаад харилцааны яамнаас түр олгож байх зохицуулалттай болсон. Үүнийг төрийн албан хаагчид мэдэж байх шаардлагатай.

Хилийн боомтод дипломат албан паспорт хураалгахаас татгалзсан тохиолдолд дахин олгохгүй байх онцлог заалт орсон. Дипломат албан гадаад паспортын ашиглалт, хадгалалтад хяналт тавих үйл ажиллагааг чангатгах чиглэлээр Гадаад харилцааны үе шаттай арга хэмжээ авч байна.

Засгийн газрын тогтоолыг үндэслэн ажлаасаа халагдсан, чөлөөлөгдсөн, өөр албанд шилжсэн албан тушаалтнуудын нийт 806 дипломат албан паспортыг хүчингүй болгож, олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, журамд тусгайлан заасан үүргийн дагуу эрүүгийн цагдаагийн байгууллагын цахим мэдээллийн санд холбогдох мэдээллийг хүргүүлсэн" гэдгийг онцолжээ.