Д.Амарбаясгалан: Их хурлаар Намын даргыг сонгоно

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ирэх сарын 6, 7-нд болох 30 дугаар Их хурлын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Их хурлаар намын даргыг сонгох, намын дүрмийн өөрчлөлт, Хяналтын ерөнхий хороог байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. МАН эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд дэвшилтэт бодлогуудыг танилцуулна. Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын Их хурлын төлөөлөгчид, олон нийтэд танилцуулахаар зорьж байна. Сонгодог парламентын тогтолцоог улам бүр төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл танилцуулна.

Нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг судалгааны үндсэнд гаргаж ирсэн. Чинээлэг дундаж давхаргыг бий болгох хүсэл зориг ихээхэн байна. Энэ нөхцөлд хүрэхэд саад болж байгаа зүйл бол авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал байна. МАН эрх баригч намын хувьд хүний эрхийг хамгаалах томоохон зорилтыг гаргаж байгаа" гэлээ.