"Дэд сайд Б.Мөнхжингөөс ирүүлэх мэдээг хүлээж байна"

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин хилийн боомтод үүссэн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Замын-Үүдэд ажиллаж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдэгдлээ. "Эрээн дэх консулын газрынхантай мөн БНХАУ-ын талтай холбогдож байна. Үдээс хойш тодорхой чиглэл гарах байх гэж найдаж байна. Хятадын тал анхнаасаа хилийн боомтууд дахь халдвар хамгааллын дэглэмээ сайжруулаач ээ, ногоон бүс болгооч ээ гэсэн асуудлыг тавьж байсан. Харамсалтай нь манай хилийн боомтууд ногоон бүс байж чадаагүй.

Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад халдвараа бууруулбал айлын талаас нэг их хатуурхаад байхгүй байх гэж бодож байна. Дундын бүсэд байгуулсан талбай 50 орчим чингэлэг байршуулах зайтай. Байнгын тээвэр эхэлбэл өдөртөө 50 чингэлэг татан авна гэсэн үг. Хавраас барилгын материалын тээвэр эхлэхээр өдөртөө хоёр удаа буюу 100 чингэлгээр бараа татан авах боломж байна уу гэдгийг ярилцана. Ямар ч байсан өнөөдөр Хятадын талаас хоёр чингэлэг орж ирж байна. 

Гашуунсухайт боомтын хувьд мөн хүнд нөхцөл байдал үүсээд байгаа. Ганцмод боомтод очоод шинжилгээ өгсөн жолооч нараас нийт зургаан хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Нөхцөл байдлаас хамаараад Хятадын тал ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна. Гадаад харилцааны яамаар дамжуулаад албан мэдээлэл ирэх байх" гэлээ.