Замын-Үүдээр авто замын тээвэрлэлтийг эхлүүлэхээр болжээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Замын-Үүдийг зорьж, Эрээн дэх консулын газрынхантай мөн БНХАУ-ын талтай яриа, хэлэлцээ хийж буйг өчигдөр мэдэгдсэн. Улмаар Гадаад харилцааны яамаар дамжуулаад албан мэдээлэл ирнэ гэдгийг онцолсон. Тэгвэл дэд сайд Б.Мөнхжин Эрээний боомт маргаашнаас нээгдэх болсныг дуулгалаа.

Тэрбээр “Замын-Үүдэд суугаа Эрээний Ерөнхий консултай хамт газар дээр нь чингэлэг тээврийн туршилтыг хийж үзлээ. БНХАУ талаас чингэлэг оруулж ирж манай талаас өргөж буулгах зохион байгуулалтын ажлыг шалгасан. Бид арваннэгдүгээр сарын 15-нд Эрээний талтай 20 хоногийн дотор бэлтгэл хангахаар тохирсон. Хугацаа нь болсон учир бэлтгэлийг эцсийн байдлаар шалгасан. Өнөөдөр бичиг цаасны ажил хийгдээд маргаашнаас авто замын тээвэрлэлт эхэлнэ. Вирус илрэхээс өмнө Монголоос Эрээний талд гарчихсан 150 гаруй ачаатай машин байна. Эхний ээлжид үе шаттайгаар гаргана. Хэвийн урсгалдаа орно. Үүний дараа чингэлэг тээврүүд яваад эхэлнэ. Туршилтаар бэлтгэл хангагдсан гэж үзсэн” гэв.