НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч үүрэгт ажилдаа орлоо

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч ноён Эварист Куасси-Комлан 12 дугаар сарын 9-ний өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт Итгэмжлэх захидлаа гардуулж, үүрэгт ажилдаа оров.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтууд, ялангуяа хүүхдийн хөгжил, эрх ашгийг хамгаалах үйлсэд НҮБ-ын Хүүхдийн сан олон жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, КОВИД-19 цар тахлын үед иргэдийг вакцинжуулах, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Суурин төлөөлөгч Эварист Куасси-Комлан агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг бууруулах, Ерөнхий боловсролын сургуулийн интернэт сүлжээг сайжруулах зэрэг НҮБ-ын Хүүхдийн сангаас амжилттай хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.

Суурин төлөөлөгч Эварист Куасси-Комлан нь Того Улсын иргэн бөгөөд цэвэр ус, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлаар мэргэшсэн, манай улсад томилогдохын өмнө Тайланд Улсын Бангкок хот дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн төвийн даргаар, мөн Мьянмар, Мадагаскар зэрэг улсад ажиллаж байсан туршлагатай юм байна.