Д.Ганбат: Бид бүхэн Эрээнээс хамааралтай байна

УИХ дахь АН-ын бүлгээр хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн Бүлгийн хуралдаанд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, БНСУ-д үүссэн 13 настай охины талаар мэдээлэл хийжээ. 

Энэ талаар Бүлгийн дарга Д.Ганбат “Нэг ч иргэнийхээ төлөө анхаарал тавьж, хүний эрхийн талаар байнга ярьж байх ёстой. БНСУ-д суугаа Элчин сайдын яам 15 ажилтантай юм байна. Монгол Улсын иргэдийнхээ эрхийг зөрчүүлэхгүй байх асуудлыг анхаарч ажиллаач ээ.

МАН Азид анх удаагаа байгуулагдсан нам гэж өөрсдийгөө ярьдаг. Саяхан 100 жилээ тэмдэглэлээ. Ийм өргөн уудам нутагтай улс орны иргэд гадаадад ажиллаж байна гэдэг шившиг. Энэтхэгт 600 гаруй хүүхэд шашны чиглэлээр сурдаг юм байна. Гадаадад сурдаг хүүхдүүдэд хувьсах зардал өгч байна уу. БНСУ-тай нислэгээ хэвийн болгооч ээ. Гурван иргэн эерэг гарвал тэр нислэгийг зогсоодог юм байна.

АН-ын бүлэг гишүүд хил гааль, боомтын асуудлыг шүүмжилж ярилаа. Бид бүхэн Эрээнээс хамааралтай байна. Өнгөрсөн долоо хоногт хоёрхон чингэлэг орж ирсэн. Гашуунсухайт, Шивээхүрэн боомт хэвийн ажиллаж чадахгүй байгаа тухай мэдээлэл өгч байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ШЕЗ арван хүнтэй болсон. Хэд хэдэн нөхцөлөөс болоод хуулийн өөрчлөлт, зохих гишүүд томилогдож чадахгүй байж байгаад сая томилогдлоо. МАН үнэмлэхүй олонх, Д.Зүмбэрэллхам хуулийн дагуу томилогдсон гэж үзэж байна. Ямар нэгэн санал шүүмжлэл байвал чөлөөтэй, Цэцэд хандах нь нээлттэй" гэв.