Б.Мөнхжин: 50 машин нэвтрүүлсэн нь хил нээгдсэний нотолгоо

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Замын-Үүд Эрээний автозамын хилийн боомтыг дахин хаасан эсэх талаар ярьсан юм.

Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 10, 11-ний өдөр тээврийн хэрэгслүүд үе шаттайгаар дундын цэг дээр ирж байршсан. Манай тал тухайн цэг дээр байршсан 50 гаруй автомашиныг хил нэвтрүүлсэн. Энэ нь хил нээгдсэний нотолгоо. Эрээний талд цөөн тооны хүндрэл гарсан. Тэнд очиж гацсан 192 машинаас асаж байгаагаас нь хилээр гаргаж байгаа үйл явц. Ачаатай тэрэгнүүдэд зарим хүндрэл гарсан. Эрээний гаалийн бүрдүүлэлт, бодит ачааны хэмжээ, жин зөрөх асуудал их байна.

Энэ хугацаанд Эрээний талаас үнэлгээ хийж байгаа. Тэг цэг дээр Монгол жолооч нар орсон учраас халдвартай бүс гэж үзэж байгаа. Халдварын тархалтыг яаж бууруулах талаар үнэлгээ хийгдэж, дүгнэлт гарч байна. Энэ өдрүүдэд Эрээн талын ажлууд хийгдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаасан гэсэн үг биш. Бараа бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах үе шаттай ажил явж байна. Тяньжинд Омикроны нэг тохиолдол илэрсэн. Тухайн тохиолдол нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд тусгаарлалтад байгаа гэсэн мэдээлэл байна" гэлээ.