Х.Нямбаатар: Хэн дуртай нь хувийн хэвшлийн камерын бичлэг үзэж, хуулдгийг засна

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Монгол Улсын камерын нэгдсэн стандартыг Стандарт хэмжил зүйн төвөөр батлуулах гэж байгаа талаар салбарын сайд Х.Нямбаатар Байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдлээ.

Тэрбээр "Үндсэндээ бэлтгэл ажлыг хангасан. Гудамж, талбайд MNS гэх стандартын шаардлага хангасан камерыг суурилуулна. Зарим байршилд 360 градус эргэдэг, ойртуулдаг зэрэг стандартыг батлуулна. Хэрэв энэ хуулийг баталбал санхүүжилтээс тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх байгууллагууд тодорхой хувийг зөвхөн нөхөн сэргээж арчлахад зарцуулдаг болно. Жил бүрийн арчлалтыг хариуцна.

Камеруудыг нэгдсэн системд холбохоор хувь хүний мэдээллийг хамгаалах нь илүү хангагдана. Хэн системд нэвтэрч камерын бичлэгийг авсан бэ? гэдэг нь ил болно. Эрүүгийн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад камерын бичлэгийг тухайн мөрдөгч үзнэ. Нэгдсэн системд холбогдоогүйн улмаас хэн дуртай нь хувийн хэвшлийн камерын бичлэгийг үзэж, хуулдаг. Үүнийг арилгахын тулд нэгдсэн системтэй болно. Кибер аюулгүй байдлаа хангана. Системд нэвтэрсэн тохиолдолд хамгаалалтыг нь тогтоож өгнө. Хууль хоорондын зөрчлийг үүсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллана" гэлээ.