Сайд Ц.Нямдоржид дайсан Ж.Мөнхбат гишүүний сануулга

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар "Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 45 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсох төслийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүдийн асуултад өгсөн Ажлын хэсгийн хариулт Байнгын хорооны дарга Ж.Мөнхбатыг бухимдуулж орхив. Цаашлаад Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг ажлаа хийхийг сануулсан юм. 

Тэрбээр "Ирэх нэгдүгээр сараас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын хуулийг мөрдөж эхэлнэ. Байнгын хорооноос Хэрэг эрхлэх газарт гурван удаа албан тоотоор хууль журмуудаа өргөн барих албан мэдэгдэл хүргүүлсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой 32 хуулийн хуульд нийцүүлэх асуудлыг Засгийн газраас өргөн барих байсан. Үүнээс 15 хуулийг өргөн барьсан. Үлдсэн 17-г нь өргөн барих ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл өргөн бариагүй. Батлагдсан 15 хуулийн гурвыг нь  Засгийн газар, 12-ыг нь гишүүд өргөн барьсан. Хэрэг эрхлэх газар ажлаа хий. Ц.Нямдорж сайддаа хэл. Журмуудаа оруулж ир. Одоо хүртэл өргөн бариагүй журам нэгдүгээр сард батлагдаж чадах уу? Энэ байдлаараа нутгийн өөрөө удирдах байгууллага хөл толгой нь олдохоо байна. Тэргүүлэгч гэж байхгүй болж, зөвлөл байгуулах юм байна. Ажиллах журмыг УИХ баталж, Засгийн газар өргөн барина. Үүнийг батлаагүй цагт орон нутгийн ИТХ-ын дарга нар нь "Иргэдийн хурал бол би" гээд тамгаа бариад явах нь. Үүнийгээ тодорхой болгомоор байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудал маш чухал. Гэвч үүний журам байхгүй. Иргэдийн хурлын төлөөлөгчийг эгүүлэн татах хуулийг Засгийн газар энэ ондоо багтааж УИХ-д өргөн барь" гэдгийг сануулав.