Н.Алтанхуяг: Мэддэг, чаддаг хүмүүсийг ажлыг нь хийлгэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр, Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж 73.2 хувиар баталлаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Зээл авч болно. Гэхдээ бодлого төлөвлөлтийн асуудал үеийн үед байгаагүй. Утаа, түгжрэл огт буурахгүй нэмэгдсээр байна. Хотын замыг засч сайжруулахад 120 тэрбум төгрөгөөр нь газар чөлөөлнө гэдэг галзуурал. Төлөвлөлтөө сайжруулах хэрэгтэй. Ингэж зээл тусламжийг үрэн таран хийж байснаас менежментээ сайжруул. Зохион байгуулалт нь огтоос болохгүй байна. Мэддэг, чаддаг хүмүүсийг ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Шаардлагатай ажилд нь төсвийг зарцуулбал үр дүн гарна. Төлөвлөлт хэрхэн хийж байгаагаа тайлбарлахыг хотын даргаас хүсч байна" гэсэн юм.

Хариуд нь "Газар чөлөөлөлтийг хийх өөр арга байхгүй. Дэд бүтэц явах нь тодорхой болсон учир газрыг дамалдаг, наймаалцдаг тогтолцоо бүрдсэн. Газар чөлөөлөлт өндөр өртөгтэй байгаа шалтгаан энэ. Аль болох бага зардлаар төлөвлөлт тооцоолол хийхийг зорьж судалгаа хийсэн ч дорвитой болоогүй. Иргэд газраа өндөр үнэтэй зарахыг л хүсч байна. Тиймээс газар чөлөөлтөд санхүүгийн схем гаргахаас өөр арга байсангүй. Эх үүсвэрийн хувьд үе шаттай, судалгаа шинжилгээтэйгээр авна. Их дүнтэй мэт харагдаж байгаа ч үр дүн гаргахын тулд түүнээс их хэмжээний өртөг шаарддаг болохыг өмнөх хотын дарга нар ч хэлж байсан" гэдгийг онцоллоо.