Ж.Чинбүрэн: Зургаан хүүхэдтэй айлд орон сууцны дэмжлэг үзүүлэх заалтыг өөрчилсөн

Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр зургаан хүүхэдтэй айлын байрны урьдчилгааг төр даах тухай заалт оруулсан нь олон нийтийн зүгээс шүүмжлэл хүлээгээд байсан юм. Үүнтэй холбоотойгоор төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр "Г.Тэмүүлэн, Б.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат нарын гишүүний өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцсэн. Өнгөрсөн 30 жилд ургийн бичиг хөтлөх, цус ойртолтоос сэргийлэх талаар их ярьсан. Тогтоолын төсөл долоон зүйл заалттай. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр болсон. Анх орж ирэхдээ зургаагаас дээш хүүхэдтэй өрхийн ипотекийн зээлийн урьдчилгааг төр даана гэсэн заалт орж ирсэн. Харин өөрчлөлтөөр тухайлан даана гэдгээр биш хүн амын өсөлтийг тооноос чанар руу хөгжүүлэх гэж оруулсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өргөн барьсан Нийгмийн хамгааллын багц хуульд олон хүүхэдтэй өрхийг дэмжих бодлого гэж байгаа учраас тэнд нь зааж өгөхөөр болсон. Сайн судалж байж шийдэх нь зөв. 2022 оны төсвийг баталсан болохоор энэ асуудлыг Засгийн газраас судлах байх. Олон хүүхэдтэй айлуудад байрны урьдчилгаанд дэмжлэг үзүүлэх юм уу, эсвэл төрөөс олгодог мөнгөн дэмжлэгийг нэмэгдүүлэх юм уу гэдгийг судлах ёстой" гэв.