Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгч өө, Та МАН-ын дарга биш шүү!

С.Эрдэнэ даргатай АН-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ойн тохиож буйтай холбогдуулж, байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр "Ардчилсан Үндсэн хуультай байна гэдэг бол УИХ-ын гишүүн болоод тангараг өргөхдөө ширээн дээр тавьдаг хэрэгсэл биш. Энэ бол төрийн өндөр албан тушаалтнууд алхам тутамдаа сахидаг, Монголын ард түмний оюуны өмч. Үндсэн хуулийг тогтоогч нь Монголын ард түмэн байдаг тухай заасан. Харамсалтай нь Үндсэн хуулийг дээдлэх ёс алдагдаж байна. Хуулийг үгүйсгэх байдал газар авсан. Засгийн газрыг хянадаг УИХ гэдэг бол тунхаг болж үлддэг юм байна. Ерөнхийлөгч намаасаа түдгэлздэг Үндэсний эв нэгдлийг илэрхийлдэг гэх нэрийн доор намдаа шигдээстэй байна. Ардчилсан Үндсэн хуультай явна гэвэл парламентад суудалтай улс төрийн намуудын бодит хүчний харьцаанд оршин тогтноно. Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх ёстой. 

Хэдхэн хүн амтай суманд зам тавьдаг, орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн нь тойрогтоо мөнгө хуваарилдаг жалга довны улс төрөөс гарахгүй бол урагш алхахгүй.1992 онд ардчилсан Үндсэн хуулийг баталж байхад хүн амын тоо 2 сая орчим, сонгуулийн насны иргэн 1,3 сая байсан. Энэ тоо 3 сая гарч, сонгуулийн насны иргэний тоо 2,3 саяд хүрсэн. Парламентын гишүүний тоог хэн нэгэн хүн тэнгэр харж байгаад тавьдаггүй. 1992 онд бодож байсан аргачлалаар парламентын гишүүдийн тоог тогтоовол 102 орчим гишүүнтэй байх ёстой юм билээ. Дэлхий нийтийн жишгээр харах юм бол 130-140 орчим байх ёстой.

Энэ олон яамыг нэг байшинд оруулж болно. Асуудлыг ухаалгаар шийдэх маш олон боломж байгааг олж харах ёстой. Эцэст нь Ерөнхийлөгчид хандаж нэг үг хэлмээр байна. Та бол МАН-ын дарга биш шүү. Үндсэн хуульдаа үнэнч байж, ардчиллын үнэт зүйл, Монгол иргэний эрх чөлөөг хамгаалах тал дээр тууштай зогсох байх гэж найдаж байна" гэлээ.