Б.Пүрэвдорж: БНХАУ-ын Элчин сайд руу албан бичиг явуулна гэж ярьж болохгүй

Баруун бүсийг эрчим хүчээр хангах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих гэрээг Хятадын талтай байгуулж, барилгын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхээр болсон. Төслийг БНХАУ-аас авах нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 280 сая ам.долларыг нь хуваарилж, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх юм. Гэвч нутгийн иргэдийн эсэргүүцэл болон нэр бүхий сумын ИТХ-ын шийдвэрээр төсөл гацаанд ороод буй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдааны үеэр байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр "Монгол бол нэгдмэл улс. УИХ, Засгийн газраар хэлэлцэн дэмжигдсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг сумын Иргэдийн Хурлын Дарга эсэргүүцэж, тогтоол гаргаж, БНХАУ-ын Элчин сайд руу албан бичиг явуулна гээд ярьж байгаа нь зүйд нийцэхгүй байна. Эрчим хүчний арвин нөөцтэй орон түүнийгээ ашиглах ёстой. Гаднаас эрчим хүчний хараат байх ёсгүй. Энэ үндсэнд УИХ-аас тогтоол гаргасан. УИХ, Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байгаа нөхдөд төрийн төмөр нүүрийг харуулах ёстой. Энэ ажлыг зохион байгуулж, санхүүжүүлж байгаа хүмүүсийг тагнуулын байгууллага илрүүлэх ёстой.

Иргэд эсэргүүцэж болно. Үүнийг ойлгож байна. Тэдний эрх. Тухайн орон нутгийн иргэдэд 9.7 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл орон нутгийн удирдлагууд гурван сая төгрөг өгнө гээд зогсож байна. Тиймээс 9.7 тэрбум төгрөгийг иргэдэд бүрэн хүргэх ажлын Засгийн газар зохион байгуулах шаардлагатай байна. Төрийн бодлогыг хэрэгжүүлэх ёстой албан тушаалтнууд нь бодлого шийдвэрийг эсэргүүцсэн тогтоол гаргаад явж байгаа нь үнэхээр хариуцлагагүй явдал" гэжээ.