МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн анхааруулга өглөө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилт болон Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонсохоор товлоод байв. Гэвч Үндэсний зөвлөлийн 13 гишүүнээс зургаа нь ирж, бусад нь ирээгүй шалтгааныг Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулж, энэ нь парламентыг үл хүндэтгэсэн хэмээгээд хуралдааныг хойшлуулсан юм.

Тэрбээр "МҮОНРТ-ийн ажил урагшлахаа байсан. Бодлого ярихын оронд албан тушаалын томилгоо ярьдаг боллоо. Үндэсний зөвлөлийн дарга нь өөрсөдтэйгөө шүүхдээд явж байна. Та нар үүнээсээ ичээч. Хурлаа, ажлаа, гүйцэтгэх удирдлагатайгаа дүрэм, журмын хүрээнд асуудлаа шийдэж, төсвөө баталж чадахгүй больчихсон. УИХ-ын гишүүдийн өрөөгөөр орж янз бүрийн хов ярьж явахаа зөвлөлийн дарга болиорой.

 

Дэгийн тухай хуулийн 37.9-д “Чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, тайлбар өгөхөөс татгалзсан, хуралдаанд оролцсон этгээд хуралдааны дэг зөрчсөн, санаатайгаар худал мэдээлэл өгсөн бол парламентыг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэн тухайн этгээдэд Төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалттай" гэдгийг Үндэсний зөвлөлийн дарга Д.Батсүхэд анхааруулжээ.