Б.Жавхлан: Олон жил бэлтгэгдсэн боловсон хүчнийг томиллоо

Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн Дэд сайдаар С.Наранцогт томилогдож үүрэгт ажлаа хүлээн авчээ.

Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүргийг хариуцагч Б.Жавхлан шинээр томилогдсон Дэд сайд болон яамны хамт олонд хандан үг хэлэхдээ “Цаашид Монгол Улсын эдийн засгийн хөгжил Сангийн яам болон Эдийн засаг, хөгжлийн яам хоорондын хамтын ажиллагаанаас шууд шалтгаалах бөгөөд тус хоёр яам нь нягт уялдаа холбоотой ажиллаж байж төрийн бодлого тогтвортой байна. Тийм ч учраас Засгийн газраас төрийн алба, тэр дундаа эдийн засаг, төсвийн асуудал хариуцсан гол институцэд олон жил бэлтгэгдсэн боловсон хүчнийг томилсон” гэдгийг онцлон, Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогтод баяр хүргэж, тус яамны нийт хамт олонд ажлын өндөр амжилт хүслээ.