Б.Болор-Эрдэнэ: Зөвхөн Улаанбаатар биш улс даяараа цахимжих шаардлагатай

Батлан хамгаалах болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэлийг цахимаар хийх талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ "Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монголиа академийг нэгдүгээр сарын 6-нд байгуулсан. Өнөөдрийн байдлаар И-Монголиа системд төрийн 60 байгууллагын 600 орчим үйлчилгээ нэвтрэв. Удахгүй аялал жуулчлалын салбарын үйлчилгээ эхлэх тул БОАЖЯ-ны 12 үйлчилгээг нэмлээ. Засгийн газар ирэх сарын 1-нээс хилээ нээж, олон улсын жуулчдыг хүлээн авна. Хавраас барилгын ажил эхлэх тул Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог таван тусгай зөвшөөрлийг нэмсэн. Хүүхдийн мөнгө авах хүсэлтийг оруулсан.                 

Өнгөрсөн долоо хоногт 21 аймгийн Засаг дарга нартай гэрээ байгуулсан. Зөвхөн Улаанбаатар биш улс даяараа цахимжих шаардлагатай. Одоогоор найман аймгийн 600 үйлчилгээг цахимжуулсан. Ирэх сарын 1-нээс манай яамны баг хөдөө ажиллана. Aймгуудын цахимжилт, онцлогийг үнэлнэ. Үүний дараа цахим жишиг аймгийг танилцуулна. 21 аймгийг цахимжуулахдаа Эстонийн загварыг ашиглана. Аймаг бүрд хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар харилцан адилгүй.

Мэдээлэл технологийн компаниуд 21 аймгийг цахимжуулах тендэрт идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Ирэх сарын 1-нээс и-монголиаг хэрхэн ашиглах вэ гэсэн сургалтыг мөн зохион байгуулна. Цахим боловсрол олгох ажилд хэвлэл мэдээллийн байгууллагууд биднийг дэмжин, хамтарч ажиллахыг хүсэж байна" гэв.