Мэргэжлийн хяналтаас зөвлөж байна
Улсын хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 413 эрүүл мэндийн байгууллагад 1084 цацрагийн үүсгүүр, аппарат тоног төхөөрөмж ашигладаг. Үүний 60 хувь буюу 252 шүдний эмнэлэгт 423 рентген аппаратаар оношилгоо хийж байна.
Шүд, эрүү нүүрний өвчлөл ихсэж байгаа цаг үед энэ нь сайн талтай ч багагүй зөрчил илэрч буй. Тухайлбал, Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, Цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, Цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг мөрдөж ажилладаггүй, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж, хэвшүүлээгүй.
Мөн өвчтөн, үйлчлүүлэгчид цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэл өмсүүлдэггүй, ажиллагсдаа сургалтад тогтмол хамруулдаггүй, Рентген кабинет, ажлын байранд цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийх багажгүй зөрчил илэрдэг.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас рентген зураг авахуулахдаа цацрагаас хамгаалах хувцас, хэрэгсэл өмсөж хэвших, жирэмсэн бол эмчлэгч эмчдээ мэдэгдэх, шаардлагагүй тохиолдолд давтан зураг авахуулахгүй байхыг иргэдэд зөвлөлөө.
Харин аж ахуйн нэгжүүдэд рентген аппаратаар үйлчлэхдээ цацрагаас хамгаалах хувцас, хэрэгслээр хангаж, иргэд, олон нийтийг үндэслэлгүйгээр аливаа шарлагад өртүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийг анхааруулж байна.