Эмийн үнэ 5.4-15.6 дахин өндөр байгааг аудитаас тогтоожээ

Үндэсний аудитын газраас Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөнд аудит хийжээ. Аудитын шалгалтаар эрүүл мэндийн салбарын тогтвортой хөгжлийг хангах систем бүрдээгүйгээс төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт хангалтгүй байна гэж дүгнэсэн байна. Ингээд аудитаар илэрсэн зарим зөрчил, мэдээллээс дурдъя.
Сүүлийн хоёр жилд импортын эмийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байна. Манай улс 2015 онд ойролцоогоор 183 тэрбум төгрөгийг эмийн импортод зарцуулж байсан бол 2020 онд 363 тэрбум төгрөг болж, хоёр дахин нэмэгджээ. Харин импортын эмний үнэ олон улсын жишгээс хэт өндөр байгааг аудитын тайланд онцолжээ.
Олон улсын судалгааны MSH байгууллагаас гаргасан медиан үнийг тухайн улсын эмийн үнэтэй харьцуулж, эмийн судалгаа хийдэг байна. Манай улсын хувьд ЭМДС-аас хөнгөлөлттэй үнээр олгож байгаа эмүүдээс хамгийн өндөр санхүүжилт авч буй артерийн даралт бууруулах 6 эмийн үнийг медиан үнэтэй харьцуулахад 5.4-15.6 дахин өндөр байжээ. Мөн хилээр орж ирээд үнэ өсөж байгаа эсэхийг ЭМДС-аас хамгийн өндөр дүнгээр үнийн хөнгөлөлт олгосон, зарим бүлгийн үнэд ГЕГ-ын мэдээнд үндэслэн судалгаа хийхэд, зах зээлд худалдаалагдаж буй эмийн үнэ нь импортолсон үнээс 10-82 хувиар өндөр байгаа нь хэрэглэгчдэд үнийн дарамт учруулж байна гэж үзсэн байна.
Жишээлбэл, хепатит вирусийн эсрэг эмүүдийн олон улсын дундаж үнийг судлахад, Софосбувир-Ледифасвир бүлгийн эмийн стандарт эмчилгээ хугацаанд буюу гурван сар уух эмийн дундаж үнэ олон улсад 58.0 ам.доллар байхад манай улсад энэ бүлгийн эм болох Ледвирийн нэг сарын хугацаанд хэрэглэх нь 60.0 ам.доллар, гурван сар хэрэглэхийг нь 180.0 ам.доллараар оруулж ирж байгаа нь эмийн үнэ өндөр байхад шууд нөлөөлж байна гэж дүгнэжээ.
Цаашид Үндэсний эмийн зохицуулалтын байгууллагын бие даасан байдал, эрх зүйн чадамжийг бэхжүүлж, эмийн зохицуулалтын иж бүрэн тогтолцоог бүрдүүлэхийг Засгийн газарт зөвлөжээ. Мөн зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, өнчин эмийн үнийн дээд хязгаар тогтоох эрх зүйн орчинг тодорхой болгохыг Аудитаас зөвлөсөн байна.

ЭМДС-аас 2016-2021 онд жороор олгох эмийн хөнгөлөлтөд нийт 226.5 тэрбум төгрөг олгосноос артерийн даралт бууруулах бүлгийн эмд 66.9 тэрбум төгрөг, хепатитийн В, С вирусийн эсрэг эмд 36.3 тэрбум, халдварын эсрэг эмд 12.3 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна. Өөрөөр хэлбэл, эдгээр гурван бүлгийн эмд олгосон үнийн хөнгөлөлт нь ЭМДС-аас олгосон нийт санхүүжилтийн 51 хувийг эзэлжээ. Эдгээр гурван бүлгийн эмийн хөнгөлөлтөд олгож буй санхүүжилтийн хэмжээ тасралтгүй нэмэгдэж байгаа ч эдгээр өвчнөөс улбаатай нас баралт буураагүй бөгөөд энэ нь санхүүжилт үр нөлөөтэй байна гэж хэлэхэд учир дутагдалтай байгааг дурдсан байна. Мөн эмийн хөнгөлөлтийг нотолгоонд суурилсан, эмчилгээ үйлчилгээний зааварт орсон үр дүнтэй эмд олгож байх зарчим алдагдсан байна. Учир нь, 2016-2021 онд нийт 17 тэрбум төгрөгийн үнийн хөнгөлөлтийг эмчилгээний зааварт ороогүй, олон улсад үр дүнгийн нотолгоо муутай гэж үздэг нэмэлт бүтээгдэхүүн гэх ангиллын эмд олгож, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулсан байжээ. 
Иймд цаашдаа ЭМДС-ын эмийн хөнгөлөлтөд орох эмд тавигдах шаардлага хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг Үндэсний аудитаас Засгийн газар, Эрүүл мэндийн сайд, ЭМДЕГ-т зөвлөмж болгосон байна. Мөн ЭМДС-аас үнийн хөнгөлөлт үзүүлэх чиглэл, хөнгөлөх хэмжээг оновчтой тодорхойлох, төлөвлөлт, хөндлөнгийн хяналт бүхий даатгалын тогтолцоог бүрдүүлэхийг зөвлөжээ.