Алтай хотхонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүлнэ
Aн-дуудлага худалдааны зохицуулалтыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай
“Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдвээр Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын зөвлөл төрийн бус байгууллагын мэдээллийг сонслоо.
Энэ талаар тус зөвлөлийн тэргүүн Н.Эрдэнэбат мэдээлэл хийсэн бөгөөд зөвлөлийн үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээ болон тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулав.
Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын зөвлөл нь аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, мэргэжлийн зөвлөмжийг төрийн бодлогод тусгуулах, салбарын ажлын уялдаа холбоог сайжруулах, гишүүн байгууллагын эрх ашгийг хамгаалсан төрийн бус байгууллага гэдгийг тэрбээр дурдаад тус салбарт нэн тулгамдаж буй асуудлуудынхаа талаар дэлгэрэнгүйтанилцуулсан. Тухайлбал, уг салбарын жуулчны тээврийн стандартыг цуцлах, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй холбоотой асуудлыг эргэн харах, хөдөө орон нутгийн авто зам дагуух үйлчилгээний цогцолбор байгуулах талаар хөндөж байлаа.
Мөн жуулчны баазын газрын даацыг тодорхойлж, тухайн баазын ойр орчмын 10км-т аялал жуулчлалын зориулалттай газар олгохгүй байх, цаашид аялал жуулчлалын цогцолбороор хөгжүүлэхэд чиглүүлж хөнгөлөлттэй зээл олгох шаардлагатай. Улмаар зочид буудлын үйл ажиллагааг үл хөдлөхийн татвар, гадаадаас орж буй орлогыг НӨАТ-аас чөлөөлөх, гадаадаас жуулчин авч байгаа тур операторыг татвараас 2028 он хүртэл үргэлжлүүлэн чөлөөлөх, тусгай зориулалтын ан-дуудлага худалдааны зохицуулалтыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна гэж мэдээлэлд дурдсан байв.
Түүнчлэн Монгол Улсад тусгай зориулалтын агнуурын квотыг жил бүр Засгийн газрын тогтоолоор баталж, дуудлага худалдаагаар олгож байгаа нь таван жилээр баталсан агнуур зохион байгуулалтын төлөвлөгөөтэй зөрчилдөж, шинжлэх ухаанд суурилсан нөөцийн үнэлгээг үнэгүйдүүлж, агнуурын бүс нутгийн менежментийн тогтвортой байдлыг алдагдуулаад байна гэсэн байлаа. Иймээс Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсад худалдаалах тухай конвенц (CITES)-ийн шаардлагад нийцэхгүй үйл ажиллагаа явуулах эрсдэл үүсгэж байна. Үр дүнд нь агнуурын нөөцийн тогтвортой байдал алдагдах, төсвийн орлого урт хугацаандаа буурах эрсдэлтэй зэргээр тулгамдсан асуудлынхаа талаар танилцуулж байлаа. Иймд хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд Зөвшөөрлийн тухай, Амьтны тухай зэрэг холбогдох хууль, журмын заалтуудыг хүчингүй болгож арилжааны дуудлага худалдааны зохицуулалтыг халах саналыг хэлсэн.
Мөн дуудлага худалдааг зогсоох, квотыг 5 жилээр менежмент хариуцагчид олгодог системд шилжих, шинэ тогтолцоог яаралтай батлах шаардлагатай байгааг мэдээлэлд дурдахын зэрэгцээ тусгай зориулалтын агнуурыг орлого төвлөрүүлэх богино хугацааны хэрэгсэл биш, шинжлэх ухаанд суурилсан тогтвортой менежментийн системд шилжүүлэх нь чухал гэдгийг танилцуулгад дурдсан байлаа.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лувсанжамц аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд холбогдох хуулийн зүйл, заалтыг хэрхэн өөрчлөх талаар тодорхой санал ирүүлэхийг хүссэн бол Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд цаашид тусгай зориулалтын агнуурыг дуудлага худалдаагаар явуулснаар олон улсын холбогдох конвенцтой хэрхэн зөрчилдөж байгааг тодруулахын зэрэгцээ үүнээс гарах үр дагаврыг лавласан.
Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын зөвлөлийн тэргүүн Н.Эрдэнэбат хариултдаа, гурван жилийн өмнө тусгай зориулалтын буюу спорт ан агнуурт дуудлага худалдааны системийг нэвтрүүлснээс энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд эрсдэлд орж эхэлснийг онцлов.
Түүнчлэн “Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсад худалдаалах тухай конвенц (CITES)-ийг зөрчих асуудал үүсээд байна. Конвенцын гол ач холбогдол нь худалдаалагдаж буй амьтад орон нутагтаа зохих ёсоор хамгаалалтад байж байгаад агнагдаж байна уу гэдэгт хяналт тавихад чиглэсэн. Гэтэл дуудлага худалдааг нэвтрүүлснээр хамтын менежментээр өөрийн бүс нутаг хариуцаад явж байсан асуудлын үндсэн зарчим алдагдаж байгаа юм. Хэрэв асуудлыг хурдан засаж, өөрчлөхгүй бол уг конвенц (CITES)-ийг зөрчсөнд тооцож, цаашдаа Монгол Улсаас зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсад худалдаалах гарах эрх цуцлагдах эрсдэлтэй” хэмээн хариулж байлаа.