МУИС-ийн номын сан 24 цагаар ажиллана
МУИС-ийн Захиргаа оюутан суралцагчдаас ирүүлсэн хүсэлт, Төгсөгчдийн холбооны санал, МУИС-ийн 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд МУИС-ийн Номын санг оюутнууддаа 24 цагаар тогтмол үйлчилгээ үзүүлдэг болгох шийдвэр гаргаж байгааг мэдээллээ.
Номын сан нь шалгалтын үеэр 24 цагаар үйлчилгээ үзүүлдэг байсан бол 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 24 цагийн уншлагын танхимыг туршилтаар нээж ажиллуулахаар болжээ.
Тус сургуулийн шинэ номын сан 360,000 гаруй хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй. 1,000 орчим CD, зохиогчийн эрхтэй 20 гаруй цахим ном, 2,000 орчим магистрын ажил, олон улсын 16 онлайн мэдээллийн санг ашиглах боломжтой цахим уншлагын танхимтай юм байна.