Нарийн мэргэжлээр суралцдаг оюутнуудыг шат дараатай хүлээн авахаа мэдэгдлээ
Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Т.Бат-Орших БНХАУ-ын ГХЯ-ны Консулын газрын Визийн бодлогын хэлтсийн дарга Сун Шиёутай 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдөр уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын хооронд хуваарьт шууд нислэгийг сэргээх гэж байгаатай холбогдуулан коронавируст халдвар /КОВИД-19/ цар тахлын үед баримталж буй БНХАУ-ын хязгаарлалт, тус улс руу зорчих гадаадын иргэдэд тавьж буй визийн болон бусад шаардлагын талаар санал солилцжээ.
БНХАУ-ын иргэдтэй гэр бүл болсон Монгол Улсын иргэд болон тус улсын их, дээд сургуульд суралцагч монгол оюутнуудад зохих ангиллын виз олгоход дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгосон байна.
БНХАУ-ын талаас зохих дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийлээд, Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг нарийн мэргэжлийн болон төгсөх ангийн гадаадын оюутнуудыг шат дараатай хүлээн авахаар бэлтгэж байгаагаа мэдэгдэв.