Амины үнэтэй УХАМСАР

Тээврийн цагдаагийн албанаас "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" гурван сарын зорилтот аяныг зохион байгуулаад сар гаруйн хугацаа өнгөрөх гэж байна. Аяныг зохион байгуулахаар болсон шалтгаан нь маш энгийн. 195... Энэ бол 2022 оны эхний таван сарын байдлаар зам тээврийн ослоор амиа алдсан хүний тоо. Үүгээр зогсохгүй 1087 хүн ямар нэгэн байдлаар хүнд, хүндэвтэр бэртэж гэмтжээ. Харамсалтай бөгөөд эмгэнэлтэй. Эндээс зам тээврийн осол юунаас гардаг, яагаад эрдэнэт хүний амь нас хохирч байна вэ? гэдэг асуулт төрнө. Хариулт нь маш энгийн.

  • Хурд хэтрүүлэх
  • Гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх
  • Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах
  • Жолоочийн нойр дутуу ядарсан үед жолоо барих
  • Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх
  • Жолооч биш хүнд жолоо шилжүүлэх нь зам тээврийн ослын гол шалтгаан нөхцөл болж байна.

Уг нь энэ бүхнээс сэргийлэх ганцхан арга бий. Тэр нь хувь жолоочоос бүрэн хамаарах ухамсар. Жолооч замын хөдөлгөөнд оролцож байгаад аюулыг харснаас хойшхи самбаачлах хугацаа 0.4-0.8 секунд байдаг гэнэ. Тормос гишгэснээс хойш автомашинаа зогсооход жолоочид нэг секунд шаарддаг ч энэ хугацаанд жолооч юу ч хийх боломжгүй. Гагцхүү үүнээс гаграхын тулд бидэнд ухамсартай үйлдэл шаардлагатай гэсэн үг. Ослын шалтгаан нь ихэвчлэн хурд хэтрүүлсэн, гэрэл шилжүүлээгүй, гүйцэд түрүүлэх оролдлого хийсэн, согтуугаар жолоодсон зэрэг байна.

Гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, хамгаалалтын бүс хэрэглэхгүй байх, хүүхдэд зориуллатын суудалд суулгахгүй байх зэрэг нь зам тээврийн ослын шууд нөлөөлөл. Улсын хэмжээнд нийт автомашины 54 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй байдаг учраас гүйцэд түрүүлэхийн тулд орон нутгийн замд автомашин заавал бүтэн эсрэг урсгалд орж байж урдаас ирж буй машиныг харах боломжтой байдаг.

Эсвэл хажуудаа сууж яваа хүнээс эсрэг урсгалд машин байгаа эсэхийг асуудаг. Гэвч тэр хүн нэг километрийн зайд яваа машиныг ойр, 100-200 метрийн зайд яваа машиныг хол гээд автомашин байхгүй банйа гялс гэж сэтгэхүйтэй орон зайн баримжаатай хүмүүс байна. Гүйцэж түрүүлэх үйлдлийг жолооч өөртөө итгэлтэй, болно гэсэн мэдээллийг авсны дараа хийх хэрэгтэй.

Орон нутагт үйлдэгдэж буй зам тээврийн ослын 60 орчим хувь нь үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд болдог. Харин шөнийн цагаар гарч буй ослын дийлэнх нь гэрэл шилжүүлээгүйгээс үүддэг байна. Ганц хуруугаа хөдөлгөөд гэрэл шилжүүлээгүйгээс үүдэн хүний амь нас, эрүүл мэндийг орвонгоор нь өөрчилж буй дүр зураг байнга харагддаг аж. Гялбаанд орсон жолооч руу хурц гэрэл тусахад хүүхэн хараа нь өөрчлөгддөг байна. Өөрөөр хэлбэл 10 секунд орчим юу ч харахгүй болж, ойролцоогоор 100 метрээс илүү замыг туулдаг гэнэ.

Зам тээврийн ослын улмаас жилд 50 орчим хүүхэд амь насаа алддаг гэх тоо бий. Үүний 90 хувь нь орон нутгийн замд хамгаалалтын суудал хэрэглээгүйгээс болдог байна. Жишээ нь, 50 км/ц хурдтай явж буй машин мөргөлдөх юмуу онхолдох үед хүүхэд цонхоор шидэгдэхэд гурван давхар байшингаас унасантай адил эрсдэл учирдаг байна.

Хамгаалалтын бүсийг зөв хэрэглэснээр болзошгүй ослын үед урд суудалд суугаа хүнийг 40-50 хувь, арын суудалд суугаа хүнийг 70-75 хувь хамгаалдаг байна. Хэрэв хамгаалах бүс хэрэглэж байгаад хэт өндөр хурдтай буюу 100 км/ц дээш хурдтай яваа үед гэнэтийн осол гарсан үед бүсний хамгаалах шинж чанар алдагддаг гэнэ. Жишээ нь, хоёр машин 130 км/ц хурдтай явж байгаад мөргөлдөх үед бүс зүүсэн ч хамгаалах боломжгүй.