Эрт илрүүлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдэд шүдний өвчлөл зонхилж байна

Эрүүл мэндийн яамнаас 2022 оныг "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах" жил болгон зарласан. Энэ хүрээнд тавдугаар сарын 1-нээс орон даяар Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Энэ талаар сурвалжиллаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 93,399 /49.1%/, орон нутагт 96,718 /50.9%/ иргэн үзлэг, шинжилгээндээ хамрагджээ.

Насаар нь ангилбал:

• 27,032 (14.2%) нь 0-5 нас

• 116,192 (61.1%) нь 6-17 нас

• 16,594 (8.7%) нь 18-30 нас

• 10,895 (5.7%) нь 31-45 нас

• 10,035 (5.3%) нь 46-60 нас

• 9,369 (4.9%) нь 61-ээс дээш насны иргэд хамрагдсан байна.

Эрт илрүүлэг үзлэг нэг жилийн хугацаанд үргэлжлэх юм.

Өвдсөн нэг хүний эмчилгээнд 11.2-12.3 сая төгрөг зарцуулж байсан бол эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг жилд нэг удаа бүрэн хамруулснаар нэг хүнд 150 мянган төгрөг зарцуулж, эдийн засгийн хувьд хэмнэлт бий болох тооцооллыг хийжээ.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт шинээр нэмэгдсэн хүүхдийн 0-5, 6-17 насны багцаар үзлэг, шинжилгээг эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд товлолын дагуу хийлгэнэ.

Харин насанд хүрэгчдийн эрт илрүүлэг нь зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчин эмгэгийг эрт үед илрүүлж, тэдгээрийн хүндрэл, нас баралтыг бууруулах зорилготой бөгөөд товлолын дагуу лавлагаа шатлалын гэрээт эрүүл мэндийн байгууллагад үзлэг, шинжилгээг хийлгэх юм байна. Шимтгэлээ бүрэн төлсөн иргэн эрт илрүүлэгт даатгалаараа хамрагдах боломжтой аж.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндын газар тус төвын мэрэгжилтэн Ч.Лхагва-очир "Өдөрт хүн амын тооноосоо хамаарч янз бүр л байна. Манай эмнэлэгүүдээр өдөрт 70-80 иргэy хамрагдаж байгаа. Иргэн бүр ирүүл мэндийн даатгалаа заавал төлсөн байх шаардлагатай. Үзлэгт хамрагдаж байгаа бага насны хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин их байна. 70-80 хувьд нь тохиолдож байна. Үүнээс шүдний гажиг нийт хүүхдийн 40- 50 хувьд  илэрч байна. Хүндрэлтэй нэг зүйл нь эрт илрүүлгийн хуудсыг дутуу бөглөж байна. Хүүхдийнхээ болон эцэг эх өөрсдийн мэдээлэл хаяг хэсгийг дутуу бөглөдөг тохиолдол их байна.

Иймд иргэд та бүхэн хуваарийнхаа дагуу үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Гол нь энэхүү үзлэгээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг хийгдэх болохоос яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэхгүй гэдгийг иргэд маань ялгаж, салгаж ойлгоорой" гэдгийг онцоллоо. 

Х.Номин-Эрдэнэ