Ж.Энхбаярын эгдүүцэл Ерөнхийлөгчийн хориг руу хөтлөх нь!

Сайжруулах уу, улам дордуулах уу гэдэг нь чухал, бодит үр дүн болохоос хэн нэгэн ирж, явдаг нь, Засгийн газар огцорч, огцруулах нь өөрөө улс төрийн зүй тогтол. Хоёр, гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орох нь улстөрчдөд, тэдний эрх ашигт хэрэгтэй гэхээс амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Хүүг нь хөрөнгө орлогоо нотлохыг шаардсан олны эсэргүүцэл 2021 оноос хойш тасралтгүй Ерөнхий сайдаар ажиллаж, гурван ч Засгийн газрыг эмхэлж, сэлгэсэн Л.Оюун-Эрдэнийн улс төрийн хувь заяаг дэнслэх хүртлээ томорсноос биш ард түмний амьдралд үнэндээ падлийгүй, бас наалдахгүй.

Гагцхүү үүнтэй дүйх хэмжээний улс төр гадаа биш Төрийн ордонд, чуулганы нэгдсэн хуралдааны танхимд болж өнгөрснийг олон нийт төдийлөн анзаарахгүй өнгөрөөж орхисон бололтой. Тэр нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ хүлээж авсангүй. 126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулганаар эл асуудлыг өргөн барьсан ч хэлэлцүүлэлгүй явсаар он гаргасан юм. Улмаар хаврын чуулганы эхэнд дахин өргөн мэдүүлсэн ч гишүүдийн дэмжлэг хүлээж чадалгүй унасан нь энэ.

Газар, тариалан эрхэлдэг, басчхүү энэ салбарын жаргал, зовлонг гадарладаг хүн гэдгээрээ Жадамбын Энхбаяр сайд ганцаараа шахуу хамгаалж зогсоод ч нэмэр болсонгүй. Шаварт унасан шарын эзэн гэгчээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хувиар хэдэн тоо, статистик ярьж, гишүүдийн асуултад хариулт өгөхөөс цааш хэтэрсэнгүй. Хамгийн сонирхолтой нь, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Би энэ хуулийг дэмжихгүй шүү” хэмээгээд санал хураалгасан явдал. Яг л “Тавантолгойн хэлэлцээрт гарын үсэг зурахыг оролдсон сайд нарыг огцруулах санал өргөн мэдүүлэх болно” гэж тээр нэгэн жил З.Энхболд УИХ-ын даргын индрээс мэдэгдэж байсан шиг. Цаг хугацаа, төслийн агуулга нь хоёр өөр, харилцан адилгүй ч гаргасан авир нь агаар нэг гэсэн үг. Гэхдээ энэ асуудлын зангилаа биш.

Импортын гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэрийг хүчингүй болгох төслийг хүлээж аваагүй шийдвэрт УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих уу гэдэг нь мэдээж асуултын тэмдэг. Сайд Ж.Энхбаяр ч “Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн энэ асуудалд хориг тавина гэдэгт итгэлтэй байна” гэдгийг удаа дараа илэрхийлэх болов. Хөндлөнгийн нэгэнд Ж.Энхбаярын энэ үг салбараа хамгаалах гэсэн сайдын үг мэт буух нь мэдээж. Гэхдээ улс төрийн хүрээнд ялангуяа Төрийн ордонд бол өөр. 

Өргөсөн тангараг, эрхэлж байгаа албан тушаал нь ялгаатай ч бараг Ерөнхийлөгчийн энд дүйх хэмжээний байр суурь. Өнөөгийн нөхцөлд үг, үйлдэл, улс төрийн замнал нь өөр яваа ч Ж.Энхбаярыг Ерөнхийлөгчөөс салгаж харах ямар ч боломжгүй. Ахлах зөвлөх нь байхдаа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга явахдаа ч тэр Ерөнхийлөгчийн шадар хүн байсан. Өнгөрсөн сонгуулиас урьтаж үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн ч зөвхөн өөртөө зориулж, Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөхийн статусыг Ерөнхийлөгчийн институцид бий болгож асан нь үүний бэлээхэн жишээ. Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогыг нь хоршуулж, нэг дор хариуцсан Зөвлөхийг тусгайлан томилсон тохиолдол өмнөх таван Ерөнхийлөгчийн үед байгаагүй ч Ж.Энхбаярт л ийм албан тушаал гаргасан гэхээр тэдний холбоо хамаарал, харилцан итгэлцэл ямар хэмжээнд очсоныг харуулна.

Харин өнөөдөр Хамтарсан Засгийн газарт Ерөнхийлөгчөөс дэмжлэгтэй очсон сайд нарын нэг нь мөн л Ж.Энхбаяр. Өөрийнх нь санаачилж, хэрэгжүүлж, хөрөнгө хүч хаях болсон “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрийг гардан гүйцэтгэхэд төлөөний нэгэн байх хэрэгтэй учраас түүнийг зүтгүүлж, томилуулсан ч байж таарна. Гэвч хүнсээ дотоодоос 100 хувь хангаж, бүр экспортлогч орон болох том амбийц тээсэн Ерөнхийлөгчийн хувьсгалд “хал”-тай тусч мэдэх шийдвэрийг УИХ гаргасан нь хүссэн ч, эс хүссэн ч хориг руу хөтлөх магадлал нь өндөр болов.

Ердөө жил хүрэхгүй хугацааны өмнө Д.Амарбаясгалан Хэрэг эрхлэх газрын даргын хувиар Гурил, тэжээлийн импортын татварыг тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулж байлаа. Үүгээр 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс импортын гурил, тэжээлийг татваргүй оруулж эхэлсэн юм. Харин хаврын тариалалт эхлэхтэй зэрэгцүүлж, салбарын сайд нь жил гаруйн хугацаанд хэрэгжүүлсэн хуулийг хүчингүй болгох төслийг УИХ-аар хэлэлцүүлсэн ч тусыг олсонгүй. УИХ нэгэнт хүлээж аваагүй бол хууль халтай, халгүйгээс үл хамаарахгүйгээр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ. Эцсийн зогсоол гэхээсээ найдвар нь Ерөнхийлөгч гэдгийг Ж.Энхбаяр сайд хамгийн сайн мэдэх учраас хориг тавиулахаас өөр сонголт түүнд үлдээгүй бололтой. 

Үндсэндээ Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын шийдвэрийг хүлээн зөвшөөрч Д.Амарбаясгалангийн талд зогсох уу эсвэл хориг тавих замаар Ж.Энхбаяр сайдад дахин улс төрийн дэмжлэг үзүүлэх үү гэдгийг харах л үлдлээ. 

Г.Эрхэс