Х.Нямбаатар: Хотын захирагч улс төр биш аж ахуйн асуудалд анхаарах сайн дүр зураг харагдаж байна

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэн  Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга А.Эрдэнэбүрэн танилцуулсан. Тэрбээр, хуулийн төслийг боловсруулах үндэслэлийг илтгэлдээ онцлоод Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 8 бүлэг, 54 зүйлтэй бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэглэл тогтоох шалгуур, хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулж 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан.Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Хот байгуулах тухай” 72 дугаар тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолоор Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй 6 хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот (үүнээс 14 нь нийслэлд), дагуул 4 (үүнээс 3 нь нийслэлд) хотыг байгуулсан.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаар тогтоолд заасны дагуу дээр дурдсан 52 хотын /Хархорумаас бусад/ эдэлбэр газрын хэмжээ, заагийг тогтоох асуудлаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх, харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өмч, хөрөнгө, төсөв, байгууллагын бүтэц, орон тоог шилжүүлэх зэрэг ажлыг орон нутагтай зөвшилцөх болон зохион байгуулахад багагүй хугацаа хэрэгтэй байгаа тул Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх хугацааг хойшлуулах шаардлагатай гэж үзлээ гээд хуулийг хэрэгжүүлэхэд ямар бэлтгэл ажил хийх талаар танилцуулгадаа онцлов.

Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар болон ажлын хэсгийн бусад гишүүд УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа. Тэрбээр, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хуульчлан заасны дагуу засаг, захиргааны нэгжийн чиг, үүрэг тодорхой буй учраас нэг асуудлаар ялгаатай шийдвэр гарах боломжгүй. Хуульд заасан 14 хот, 3 дагуул хот бол орон нутгийн зэрэглэлтэй учраас Улаанбаатар хотын эдэлбэр газарт хамааралгүй юм. Хотын захирагч хотын иргэдээсээ сонгогдохоор улс төрийн асуудлаас илүү аж ахуйн асуудалд анхаарах сайн дүр зураг харагдаж байна. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээдийн шилжилт, хөдөлгөөний өөрчлөлт цахимаар хийгдэх учраас хөрөнгө мөнгө шаардагдахгүй гэв.