Ч.Номин: Ойролцоогоор 200 тэрбум төгрөгийн зээл гаргана

Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх,  аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан 6.0 хувийн хүүтэй, зургаан жил хүртэлх хугацаатай олгохоор шийдвэрлэжээ.

Ингэснээр зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарын стандартыг сайжруулах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, Монгол соёлын өвийг дэлхийд таниулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих, дөрвөн улирлын болон хил орчмын аялал жуулчлалыг дэмжих, жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт шинээр ажлын байр бий болгох, цаашлаад гадаад валютын орох урсгалыг бодитой нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ. 

Аж ахуйн нэгж, байгууллагуудад зургаан хувийн хүүтэй,  зургаа хүртэл жилийн хугацаатай, нийт хоёр их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 2028 он хүртэл олгоно. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд 2030 он гэхэд жилд ирэх жуулчдын тоо одоо байгаагаас 623 мянгаар нэмэгдэж хоёр сая жуулчин хүлээн авах, найман мянга гаруй ажлын байр шинээр бий болж, нийт нэг тэрбум ам.долларын валютын орлого Монгол Улсад нэмэгдэнэ.

Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин "Засгийн газраас аялал жуулчлалын салбарт зөвлөх үйлчилгээ өгдөг "Бостон консалтинг" групптэй өнгөрсөн жилээс хамтран ажиллаж, аялал жуулчлалын салбарын нөхцөл байдал, судалгааг гарган, 2030 он хүртэлх стратегиа тодорхойлсон. Монгол Улс 2030 он гэхэд хоёр сая гадаад жуулчин хүлээн авахаар төлөвлөсөн. Ингэснээр улсын ДНБ-ий 10 хувийг энэ салбараас бүрдүүлж, олон улсын зах зээлийг Монголд төвлөрүүлэх боломжийг бий болгоно. Буцаад энэ салбарт 11 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзсэн. Төрөөс онгоцны нислэгийн тоог нэмэгдүүлэх, хот хоорондын дэд бүтцийг сайжруулах ажлыг хийнэ. Ингэснээр Монголын аялал жуулчлалын салбарт 600 мянган жуулчинг шууд нэмэх боломжтой.

Тавдугаар сарын 29-нд Аялал жуулчлалын хөгжлийн төвийг нээнэ. Зээлийн ерөнхий мэдээллийг энэ төвөөр дамжуулан танилцуулж, зургадугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Ойролцоогоор 200 тэрбум төгрөгийн зээлийг энэ жил гаргана" гэсэн юм.