ТАЗ-ийн гишүүнд таван нэр дэвшигчийг бүртгэжээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Байнгын хорооны 2025 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Сонгон шалгаруулах комиссын тайлан байлаа.
Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссыг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журамд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба, Үндэсний аудитын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Төрийн албаны зөвлөл, Жендерийн үндэсний хороо, Авлигатай тэмцэх газар, Удирдлагын академийн төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд комисс Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль, журамд нийцүүлэн ажиллалаа хэмээн тус комиссыг ахлан ажилласан Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Байнгын хороодын ажлын албаны дарга бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Б.Хатантуул танилцуулав.
Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах зарыг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс Улсын Их Хурлын болон Төрийн албан зөвлөлийн цахим хаягаар олон нийтэд 7 хоног нээлттэй байршуулж, Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл хүн тус бүрээр тэмдэглэл хөтлөн, битүүмжлэн хүлээн авсан байна.
Комисс анхны хуралдаанаараа битүүмжлэн хүлээн авсан 6 иргэний материалыг нээж, бүртгэл хяналтын хуудсыг гишүүн бүр нягтлан хөтөлж тэмдэглэн, холбогдох байгууллагуудаас мэдээлэл лавлагаа авах, бусад шаардлагатай материалыг нягтлан шалгах, ажлын төлөвлөгөө, ажил үүргийн хуваарь болон сонгон шалгаруулалтын ярилцлагын дэгийг батлах ажлыг хийж гүйцэтгэжээ.
Комисс 2 дахь хуралдаанаараа материал ирүүлсэн Д.Баатарсайхан, Д.Санжрагчаа, Х.Ган-Очир, Д.Одхүү, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарын зургаан оролцогчийг бүртгэх эсэх асуудлыг журамд заасны дагуу хүн тус бүрээр хэлэлцэн оролцогчдын ирүүлсэн материал, мөн түүнчлэн журамд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг Төрийн албаны зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газраас авсан лавлагаа зэрэгтэй нэг бүрчлэн танилцаж, журамд заасны дагуу хянан шийдвэрлэсэн гэлээ.
Тухайн албан тушаалд тавигдах шаардлага болох төрийн албан хаагч байх, дээд боловсролтой, 45 нас хүрсэн, төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй түүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан, мэргэшсэн байх, зөвлөлийн гишүүдтэй хамаарал бүхий эсэх талаар хүн нэг бүрээр хэлэлцэн, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, ял шийтгүүлж байгаагүй болон сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг Д.Баатарсайхан, Л.Санжрагчаа, Х.Ган-Очир, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарын таван оролцогч хангасан тул бүртгэхээр шийдвэрлэсэн аж.
Оролцогч Д.Одхүү нь журмын 1.5-д заасан төрийн албан хаагч байх шаардлагыг хангаагүй, 2024 оны 12 дугаар сарын 19-ний Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 285 дугаар тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн байх тул бүртгэх боломжгүйг санал дүгнэлтэд тусган, тус иргэнд мэдэгдэн баталгаажуулжээ.
Бүртгэгдсэн 5 оролцогчийн мэдлэг боловсрол, мэргэшил туршлага, мэргэжил ур чадварт комисс үнэлгээ өгч 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр Төрийн албаны зөвлөлийн гишүүнд төрийн албаны төлөөлөл болон нэр дэвшиж, сонгон шалгаруулалтын шаардлага хангасан таван оролцогчтой журамд заасны дагуу ярилцлага хийж, үнэлгээг хараат бусаар өгч, оролцогч тус бүрт үнэлгээг танилцуулсан байна.
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам"-ын 7.1-д “Комисс үнэлгээг эцэслэн нягталж онооны дарааллаар хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн оролцогчийн нэр, сонгон шалгаруулалт явуулсан тухай тайлан, холбогдох баримт бичгийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын 3 өдөрт багтаан хүргүүлнэ.” гэж заасны дагуу нийт үнэлгээгээр хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн Цэнддаваагийн Амартөгс /87.1 оноо/, Бадамдоржийн Төгсцэнгэл /86.2 оноо/ нарыг нэр дэвшүүлэн, шалгаруулалтын тайлан болон холбогдох материалыг Байнгын хороонд хүргүүлсэн гэлээ.
Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Э.Болормаа нар сонгон шалгаруулалт хийсэн явцын талаар тодруулж, байр сууриа илэрхийлсэн.
Мөн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хэлэлцүүлгийг хойшлуулав.


