461 дүгээр ангиас хоригдол оргожээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461-р ангиас онц хүнд гэмт хэрэгтэн өчигдөр орой оргожээ. Түүнийг одоогоор эрэн сурвалжилж байгаа юм байна. Уг этгээд нь Налайх дүүргийн бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж, яллагдагчаар татагдаад байсан аж. Ингэх хугацаандаа хэд хэдэн удаа оргохыг завдаж байжээ.

Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон 2019 оны тавдугаар сарын 03-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан С.Төмөр нь зургадугаар сарын 19-ний 19.00 цагийн үед тус ангийн байрлалаас оргосон. Тухайн этгээдийг эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Оргосон шалтгаан нөхцөлийг тодруулахаар албаны дотоод шалгалт явуулж байгаа. Мөн тухайн этгээдийг олж баривчилсны дараа Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгана” гэлээ. Гэмт этгээд нь 25 настай, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой бөгөөд гурван удаагийн ял шийтгэлтэй юм байна.